sonin.mn

Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвтэй эрчим хүчний хэмнэлт, шинэчлэлийн талаар ярилцлаа.

 

-Хаврын чуулганаар эрчим хүчний хяналтын тухай хуу­лийг хэлэлцүүлэхээр бэлт­гэж байна. Хууль бат­лагд­санаар ямар үр дүнд хүрэх вэ?

-Эрчим хүчний хэмнэлт гэдэг өргөн хүрээний ойлголт. Цахилгаан, дулааны эрчим хүчийг хэмнэх тухай асуудал байна. Нэн тэргүүнд одоо байгаа техник технологийн шинэчлэл хийхэд энэ хууль гол нөлөө үзүүлэх ёстой. Эрчим хүчийг хэмнэх талд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрүүдийн хувьд томоохон боломжуудыг нээж өгөх зорилготой.

Эрчим хүч хэмнэснээр иргэдийн халааснаас гарах мөнгөний хэмжээ багасна. Нөгөө талаар дэлхийн байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг багасгахад илүү дөхөмтэй.

-Хуулийн хүрээнд бэлтгэл ажил хэр хийв?

-Яамны зүгээс нэлээд ажил хийж байна. Хууль батлагдсаны дараа Эрчим хүч хэмнэлтийн үндэсний хороо гэж байгуулагдана. Энэ байгууллага нь улсын хэмжээнд эрчим хүч хэмнэх талаар бодлого болон бусад баримт бичгүүдийг гаргах юм. Үүний дагуу нэлээд олон хүн сургалтад хамрагдана. Сургалтад Монгол-Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, дэлхийн банкны зүгээс хамтарч ажиллахаа илэрхийлсэн.

-Өнгөрсөн өвөл эрчим хүч­ний ачааллын үед ямар ар­га хэмжээ авав. Ер нь ца­гийн хяз­­­­гаарлалт хийснээр хэр хэм­жээ­ний  хэмнэлт гардаг юм бол?

-Өнгөрсөн өвөл ид ачааллын буюу 18:00-21:00 цагийн хооронд иргэддээ эрчим хүчээ хэмнэх, үргүй ашиглаж буй зардлаа багасгах, залгаад орхисон утас цэнэглэгчээ салгах, зурагтаа удирдлагаар нь биш залгуураар нь унтраах талаар уриалгыг гаргаж байсан.

Манай иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нар утсаа цэнэглэж байгаад цэнэглэгчийг нь залгаад орхичихдог. Энэ нь эрчим хүчийг хэрэглэж байгаа хэрэг. Тэгэхээр цэнэглэгчийг бүрэн салгаж байж эрчим хүчийг хэмнэнэ.

Мөн улайсдаг чийдэнг сольё гэж олон жил ярьж байна. Электрон барааны дэлгүүрүүдээр ороод үзвэл АА, ААА зэрэглэлтэй эрчим хүчинд хэмнэлттэй бүтээгдэхүүн гэж бий. Энэ нь мөнгийг хэмнэх гэж зорьсон нэг арга хэлбэр.  

-Эрчим хүчийг либериалч­лах хэлбэрт оруулах талаар ямар нэгэн арга хэмжээ авч байгаа юу?

-Энэ чиглэлээр нэлээд арга хэмжээ авч байна. Үүнийг манай салбарынхан өөрсдөөсөө эхлэх ёстой. Аль түвшинд нь ямар хэмнэлт хийж болох талаар тооцож үзэх хэрэгтэй.  Эрчим хүчийг зөв зохистой хэрэглэж, үйлдвэрлэж чадаж буйг эхлээд туршсаны дараа либериалчлалын тухай ярих нь зүйтэй юм билээ.

-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэдий хэрийн хугацааны дараа иргэд эрчим хүчний хэмнэлтийг мэдэрч эхлэх бол?

-Хуульд “үүрэг хүлээсэн этгээд” гэдэг ойлголтыг тус­гасан. Үүнд их хэмжээний цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэдэг байгууллага, хувь хүмүүс ногдож байгаа. Хуулийн төслийн хүрээнд хэлэлцүүлэг нэлээд олон хийг­дэнэ. Эдгээрээс гарсан саналууд нэгтгэж, дүгнээд болж өгвөл хаврын чуулганаар батлуулах бодолтой байна. Хууль батлагдчихвал 2014 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.

-Манай улсад дулааны хэм­нэлт багатай байр их бай­даг гэх судалгаа бий. Ялангуяа шинээр баригдаж буй орон сууцнууд дулаанаа маш их алддаг гэдэг. Энэ талаар ямар зохицуулалт хийх вэ?

-Дулаан их алдсанаар үргүй зардал гардаг. Энэ та­лаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд анхаарах ёс­­той. Ялангуяа сүүлийн үед баригдаж буй шилэн барил­гуудад дулааны алдагдал нэлээд байгаа. Үүнийг төслийн хүрээнд шинэ технологи  ашиг­лаад барилгуудын дунд нэ­лээд судалгаа хийсэн. Хууль батлагдчихвал аж ахуйн нэгжүүдэд хариуцлага ног­дуулах боломжтой.  

-Эрчим хүчтэй холбоотой байнга яригддаг асуудал бол тухайн айл өрхийн хэрэглэсэн хэрэглээнээс давсан тооцоо гардаг. Мөн эрчим хүчээ төл­дөггүй өрхүүд  их байгаа. Ингэхэд  эрчим хүчний үнийг хооронд нь шилжүүлэх асуу­дал байдаг уу?

-Уг нь тийм үзэгдэл байх ёсгүй. Гэр хорооллыг тоо­лууржуулах ажил хэдэн жилийн өмнө хийгдсэн. Тоо­луураа тавиулахдаа иргэн өөрөө “дараа нь төлбөр нэхэгдэнэ шүү” гэдгээ бодоод анхаарал хандуулах ёстой. Ингэснээр ямар нэгэн маргаан гарахгүй.

Үнэхээр хэрэглэснээс илүү өртөг гараад байвал гомдол гаргах эрхтэй. “Улаанбаатар ца­хилгаан түгээх сүлжээ” ком­панийн хувьд удирдлага нь солигдсон. Иргэдийн санал гомд­лыг 70047004 гэдэг утсаар авч байгаа. Өмнө нь энэ утсыг хүн авч ярьдаг байсан бол одоо электрон хэлбэрээр шууд хариулт өгдөг болсон.

-Энэ онд цахилгааны үнэ тогтвортой байх уу?

-2013 онд цахилгааны үнийг эцсийн хэрэглэгч иргэний хувьд тогтвортой байлгана гэж бодож байгаа.

-Цаашид цахилгаан эрчим хүчийг хангалттай хэмжээнд байлгахын тулд ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

-Бид бусдаас гуйхаасаа өмнө өөрсдийн хэмжээнд эрчим хүчийг хэмнэх ёстой. Шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулах талаар нэлээд ажил хийж байна. Удахгүй Монгол Улсын эрчим хүчний салбарт хан­­дивлагч зээл тусламж өгч буй байгууллагуудын нэгд­­­­сэн уулзалтыг зохион байгуулж, нэг чиг шугамтай давхцалгүйгээр үр ашигтай төсөл хэрэгжүүлэхээр хамтарч ажиллахаар төлөвлөөд байна.

Шинэчлэлийн Засгийн газ­рын зүгээс орчин үеийн ши­нэ технологиуд манай улсад тун удахгүй суурилагдаж эхэлнэ. Тухайлбал “Дулааны цахилгаан станц IV”-ийн суурилагдсан хүчин чадлыг 100 мВт-аар нэмэгдүүлэх ажил 2014-2015 он гэхэд дуусч, ашиглалтад орно. Мөн “Дулааны цахилгаан станц III”-ын шинэчлэлийн хө­төл­бөрийг Засгийн газрын хурал­даанаар оруулж байна. Хөтөлбөр батлагдсанаар станц шинэчлэгдэнэ.

-Таван толгойн цахилгаан станцын ажил ямар шатанд явж байгаа вэ?

-Энэ талаар Засгийн газ­раас шийдвэр гарсан. Аж­лын хэсгийн болоод төсөл хэрэгжүүлэх нэгжийн удир­дагчаар Ерөнхий сайд асан М.Энхсайхан томилогдоод ажил­лаж байгаа. Энэ тухайд хөрөнгө оруулагчидтай уулзаж байна.

Тухайлбал өмнийн бүс нутгийн уул уурхайн ком­­панийн удирдлагуудтай хэлэл­цээд явж байгаа.

Эх сурвалж: