sonin.mn
“Комсомольская правда” сонины тусгай сурвалжлагч Дарья Асламова Зөвлөлтийн холбоотон байсан Монгол орны одоогийн шинэ элитүүд: тухайн үед Монголыг Хятадын колончлол, тахал өвчин , бичиг үсэг тайлагдаагүй байдлаас аварсан найз Орос орноо "Эзлэн түрэмгийлэгч" байсан мэт ярьж байгааг сонсоод маш их гайхжээ. Энэ нийтлэлийг цуврал хэлбэрээр орууллаа.
 
Эрдэнэсийн тухай үлгэр
 
“Монголын од Хятадын дээр гарч мандана. Алтан ордны улс дэлхийн талыг, Оросыг ч бас эзэлж явлаа, бид юу чаддагаа харуулна аа” хэмээн миний танил Очирбат эрүүл биш гэмээр нүдээ гялалзуулан хэллээ. (Магадгүй энэ нь уусан хэдэн аяга шар айрагнаас нь болсон биз). 
 
Очирбат бол (түүний хүсэлээр нэрийг нь өөрчилсөн)  урлагийн нэртэй гэр бүлээс гаралтай жирийн бус хүн. Тэрбээр Монголын улстөр, цэргийн ихэнх томчуудын адил ЗХУ-д боловсрол эзэмшсэн нэгэн аж.Оросоор тун гайхалтай, одоо Москвад ч цөөхөн сонсогдохоор ярина. Очирбат нас тогтсон хүн.
 
Хятадуудтай унтдаг охидыг барьж, гутамшиг болгох зорилгоор үсийг нь хусч, энд тэндхийн хашаан дээр “Хүнийг хөнөөж болохгүй. Харин хятадуудыг болно” гэж бичдэг Монголын ухаангүй залуустай огтхон ч төсгүй, боловсорсон эр. Гэхдээ хүмүүжил сайтай хүн маань  хачин жигтэй зүйл ярих  нь аймшигтай сонсогдож байлаа.
 
“Фашизм бол яг л галт уул дэлбэрэх, газар хөдлөх, үер дайрахтай адил байгалийн байх ёстой зүй тогтол. Үүний нөлөөгөөр илүүдэл хүн амыг цэвэрлэж, устгадаг. Фашизмыг ёс суртахууны хуурамч хэм хэмжээнд тулгуурлалгүй, харин хэрэгтэй хэрэгцээ мэт  үнэлэх ёстой”.
 
Ийн ярихад нь “Чи чинь өөрийн ухаантай байна уу” хэмээн Очирбатыг сэнхрүүлэхийг оролдов. Би “Ёс суртахуунаа орхиод  ядаж энгийн логикоор бодоод үзье.  Юун Монголын ямар од Хятадын дээр гийх гээд байна вэ?Оготныг заантай яаж зүйрлэж болох уу.
 
Монгол бол 2.7-хон сая хүн амтай, бараг дэд бүтэцгүй, хэмжээ хязгааргүй  хүн ам суурьшаагүй хоосон газар нутагтай. Харин Хятад бол 1.5 тэрбум хүнтэй  дэлхийн хүчирхэг баян орны нэг шүү дээ” гэсэн юм. 
 
Үүний хариуд би бараг хоёр их наяд доллараар үнэлэгдэх Монголын тоо томшгүй, огт хөндөгдөөгүй эрдэнэсийн тухай үлгэр домог шиг яриаг нь сонсов. Дэлхийд хамгийн ихэд орох, жилийн 1.4 сая тонноор хэмжигдэх ураны нөөц, Оюутолгой хэмээх агуу их алт, зэсийн орд, мөнгө, нефть, төмрийн хүдэр.
 
Зургаан тэрбумын нөөцтэй дэлхийн хамгийн том огт эзэмшээгүй нүүрсний орд Таван толгойн тухай. Хамгийн гайхалтай нь энэ бол эрдэнэсийн тухай үлгэр биш, монголчуудын сэтгэлийг булгилуулсан  үнэний хувьтай юм. Мөрөөдөмтгий, уран дүрслэл ихтэй, халамцуу цустай, угийн нүүдэлчин сэтгэлгээтэй монголчууд өөрсдийгөө ирээдүйн хаад хэмээн мөрөөдөж сууцгаана.
 
Шинэ монголчууд
 
Улаанбаатарт би Оросын хэвлэлүүдээс олж уншсан “Монголын эдийн засгийн гайхам-шиг”-ийн тухай хор¬хой хөдөлгөм төсөөлөлтэй нисч ирсэн. Төрийн Думын депутат, Эдийн засгийн ухааны доктор Валерий Зубов “Монголын эдийн засаг огцом өсч, жилийн ДНБ 30 хувьд хүрсэн нь (Үнэн хэрэгтээ зөвхөн 2011 онд 17 хувьд хүрч өссөн бөгөөд инфляцийг нь тооцвол 12 хувь байсан) Оросын өмнөх Сибирийн бүсэд томоохон аюул учруулсан” гэж мэдэгдэж байлаа.
 
Зубов түүнчлэн Монголыг Засгийн газар нь хүн амтайгаа нүүрс, зэсийн ордоос олсон орлогоо баяртай нь аргагүй хуваалцдаг Азийн шинэ Кувейт болсон гэж шагшиж байв.  Энэхүү сүртэй мэдэгдлээс өмнө Оросын нэр¬тэй эдийн засагчид“Азийн шинэ барын” амжилтыг бахдаж, жинхэнэ ардчиллын үлгэр жишээ улс болсон мэт бичиж байлаа. 
 
Улаанбаатарыг би шинэ Дубай мэтээр төсөөлсөөр ирсэн юм. Харин ирж үзсэний дараа энэ хот на¬майг хэлэх үггүй болгож, үнэхээр шоконд оруулсныг хэлэе.
Монголын нийслэл бол бохир заваан, эмх замбараагүй, ямар ч логикгүй, хотын төлөвлөлтсайханд тав тухын ойлголтгүй барьсан, хир тоосондоо дарагдсан хот. Энд цорын ганц гайгүй гудамж байгаа нь хуучин Зөвлөлтийн үеийн Энхтайвны өргөн чөлөө юм.
 
Энд шинээр баригдсан ганц нэг том том зочид буудал, бизнес төвүүд бий. Энэ улсын нийслэлд зарчмын хувьд зам гэсэн юм бараг байхгүй. Ер нь нүүдэлчдэд зам хэрэггүй, зөвхөн чиглэл хэрэгтэй гэдгээр байдаг юм болов уу? Эвдэрч, няцарсан замаар хэдэн зуун мянган шинэ, хуучин жийп хөлхөлдөх бөгөөд жолооч нар зогсоо зайгүй дуут дохио хангинуулж, арайхийн гүйж гарах явган зорчигчид руу, өрсөлдөгч жолооч нар руугаа хараал хэлж, байнга л бие биенээсээ өрсөн дайрцгаана.
 
Энд ер нь замын хөдөлгөөний дүрэм гэж огт байхгүй. Монгол хүний хувьд машин бол хаа хүрэхээ мэддэг ухаантай морь. Тиймээс таван минут тутамд осол гардаг. Үүний дараа шүргэлцсэн машины эзэд зам дээр үсрэн гарч ирж, бие биентэйгээ зодолдон(Монголчуудтай харьцуулхад москвагийн бүдүүлэг жолоочид жинхэнэ диваажинд байх ёстой хүмүүжилтэй сахиус юм байна). 
 
Хэдэн цаг, өдрөөр хөдөлгөөнгүй түгжрэлд зогсдог хот юм. Улаанбаатар хот экологийн маш том гамшигт өртөж, үгээр бид хүчилтөрөгчбайхгүй бүтэж үхлээ гэж хэлдэгтэй яг таарна. Үүний гол буруутан Засаг захиргаа нь хүн бүрийг чөлөөтэй дурын газраа гэрээ бариад (заримдаа бүр зам дээр шүү) түүнийгээ тойруулан хашаа барихыг зөвшөөрсөн явдал. Зөвшөөрөлгүй газар эзэмшилт өргөн тархаж, ямарч хяналт байхгүй энд тэндгүй суурьшсан байх аж. 
 
Хэзээ нэгэн цагт зөвхөн 700 мянган хүнд төлөвлөж оросуудын барьсан хуучин дэд бүтэц 1.5 сая хүн амын хэрэгцээг хангаж дийлэхээ больжээ. Нийслэлийн хүн амын 1/3 нь ус, цахилгаан, бохирын шугамгүй, хотын захын айдас хүргэм муухай гэр хороололд амьдарна. Монголын өвлийн тэсгим хүйтэнд ядуус хямд нүүрс, хог, заримдаа машины дугуй зэрэг юу тааралдсанаа түлж, дулаацдаг болохоор хотын дээгүүр саарал утаан хорт хөшиг татаж, заримдаа онгоц ч газардаж чадахгүйд хүрдэг байна.
 
Улаанбаатар хот бүхий л талаараа уулаар хүрээлэгдсэн хотгор газар оршдог учир аврал болсон салхи агаар ч орж ирдэггүй. Хотод ингэж зэрлэгшин суурьшихыг зогсоох боломжгүй. Учир нь дураараа байх  “үлгэр жишээ ардчилал”-тай нь зөрчилдөж сонгогчид барьж иднэ.“Шинэ монголчууд” гэж болхи бүдүүлэг, цочмог ууртай, хүмүүжилгүй, замдаа тааралдсан бүхнийг арчиж хаяхад бэлэн хүмүүс. Яг л 90-ээд оны эхэн үеийн шинэ оросуудыг санагдуулам.
 
Гадаадынхны гомдлын хариуд хамгийн их хэлдэг үг нь “Чи гэртээ байгаа биш шүү!”. Хүмүүс бие биеэ байнга түлхэн нударч, хөл дээр нь гишгэж, шүлсээ нулимаж,гудамжинд бие засдаг. Хуучин “зөвлөлтийн” үеийн монголчууд “шинэ”-ийгээ өнгөрсөн үеийнхэн гэнэ. Социализмын дараах үед хүүхэд нас нь өнгөрсөн тэдэнд хүмүүжил,боловсрол юу ч байхгүй.
 
Монголоос Зөвлөлтийн эмч, багш нар явж, дэлхийн соёлд суралцах түлхүүр цонх болж байсан орос хэл дунд сургуулийн хөтөлбөрөөс хасагдаж, англи хэл бүрэн орж ирээгүй байв. ЗХУ задралын үед Орос орон өөрсдөө баларч байсан учраас хөршөө огт сонирхохоо байсан үе.  Хятад улс дотоод өсөлтдөө анхаарч, нэг үгээр Монголыг хэн ч тоохгүй зөнд нь орхисон цаг.
 
Хаягдсан газарт төрийн бус байгууллага хэлбэрээр Ардчиллын гэх үр суулгахаар ирсэн барууныхан авьяаслаг оюутнуудыг сургалтын тэтгэлэгт хамруулж, монгол сэтгүүлчдийг АНУ руу бэлтгэх нэрээр их явуулжээ.
 
Тэд энгийн монголчуудад Хятадыг бол мөнхийн дайсан, харин оросуудыг бол хараал идсэн түрэмгийлэн эзэмшигчид гэж ойлгуулах ёстой байлаа. Тэгээд монголчуудад Барууныхан хэмээх сайн найз гуравдагч хөрш хэрэгтэй гэсэн ойлголт төрүүлсэн.
 
2000 оны эхэн үед барууны тусламжаар энд хэвлэл мэдээллийн эрин үе эхэлсэн юм. Одоо 2,7 сая хүнд 400 гаруй “бие даасан” Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өөр өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн тархийн угааж байна.
 
Орчуулсан Ч.Өрлөг