sonin.mn
Монголчууд 2020 онд илүү сартай зуны эхэн сар шувтарч, түүх соёлын цогц гайхамшиг болсон монгол наадам айсуй. Наадам дөхсөн энэ өдрүүдэд хэвлэл мэдээллийнхэн уламжлал ёсоор бөх, морь, сурын галуудаар зочлон, сурвалжилга бэлтгэн хүргэдэг билээ. Яг өдийд нутгийн бөхчүүдээ “эргэх” гэсэн, хэн өнгөтэй барилдахыг шинжих, хэн, хаана бэлтгэлээ базааж байгааг сурагласан бөхийн хорхойтнууд зүг зүг тийш сураг ажиг тавин суугаа.
 
XIII зуун цогцолборт үзэгчгүй наадам хийж, өнгөрсөн жил бүр наадам ч үгүй өнжсөн. Уг нь өнгөрсөн онд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэх ёстой байсан ч коронавируст цар тахлын улмаас цуцалж байлаа. Ингээд Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Залуучуудын холбоотой хамтран наадамтай дүйцэхүйц 512 бөхийн барилдаан зохион байгуулсан бөгөөд бай шагнал нь наадмынхтай ижил, начны болзол хангасан хамгийн залуу бөхийн амжилтыг даагаар мялаасан байдаг. 
 
Гэхдээ хоёр төрийн бус байгуул­лагын ой гэдэг утгаараа цол олгох боломжгүй байлаа. Ингээд Засгийн газраас Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойг хамтатган тэмдэглэхээр болсон. Үзэгчдийн хүсэн хүлээсэн Монгол түмний их баяр наадам эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Бөх, морь, сур, шагайн харвааныхны бэлтгэл үндсэндээ жигдэрч, ханасан байна.
 
Энэ жилийн хувьд: Увс, Говь-Алтайнхан Харзтайд, “Хилчин” спорт хороо, Өвөрхангай “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэн Бугын сангийн аж ахуйд, Улсын харцага Д.Батболд, Д.Энхбат, Ж.Чулуунбат тэргүүтэй “Их богд”-ынхон “Найрамдал”-д, Б.Эрдэнэхүү, Д.Цэрэнтогтох, Ц.Жамбалдорж нараар ахлуулсан “Хонгор нутаг” дэвжээний бөхчүүд Баянхонгор аймагтаа бэлтгэл хийж байгаа юм.
 
Манай сонины сурвалжлах баг Улаанбаатар хотоос 60 орчим километр зайд орших Цагдаагийн ерөнхий газрын харьяа Сүүж ууланд бэлтгэлээ базааж буй бөхийн галыг зорьж тусгай сурвалжлагаа бэлтгэлээ. Жилийн жилд хүчит бөхчүүдийн бэлтгэлээ хангаж ирсэн түүхэн газруудын нэг бол Сүүж хайрхан. Дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбатаас эхлээд Б.Бат-Эрдэнэ дархав, Г.Өсөхбаяр аварга хүртэл энэ сайхан хайрхны энгэрт бэлтгэлээ базаан Улсын баяр наадамд зодоглодог байлаа. Биднийг очсон өдөр +28 хэмийн дулаантай байсан бөгөөд Ховдын бөхчүүд нээлттэй бэлтгэл хийсэн бол Завханы “Даян” дэвжээнийхэн галынхаа сорилго барилдааныг зохион байгуулж байлаа. Сүүж ууланд жил бүр 7-8 бөхийн гал наадмын бэлтгэлээ базаадаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Ховд аймгийн “Ховд”, Завханы “Даян” дэвжээ хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэлд гарчээ. Үүнээс гадна улсын заан Д.Анар тэргүүтэй Дорнод, улсын харцага Н.Золбоо тэргүүтэй “Хүч”, улсын начин Б.Серикээр ахлуулсан Баян-Өлгий, улсын хүчит арслан Х.Мөнхбаатараар удирдуулсан Хөвсгөлийн хүчтэнүүд бэлтгэлээ жигд­рүүлж байна. Бөхчүүд хэзээний л сүсэг бишрэлтэй улс. Тэр ч утгаараа “хар, цагаан хэл амнаас холуур байна” хэмээн үзэж наадмын өмнө ямар нэгэн ярилцлага өгөхөөс татгалздаг бичигдээгүй ёс бий. Тухайн дэвжээний удирдлагууд болон дасгалжуулагч нар нь ч найдвар тавьж буй бөхчүүдээ олноос “нуудаг” жамтай. 
 
Ховдын “Их гурвал” 
 
Сүүж уулыг бөхчүүдэд ээлтэй газар гэлцдэг. Энд тогтмол бэлтгэл хийдэг 7-8 бөхийн дэвжээ бий. Тэднээс анхдагчийн тоонд яах аргагүй Ховдын бөхчүүд багтана. Улсын уран барилдаант заан Ч.Бямбадорж, Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн тэргүүтнийг ид барилддаг байх үеэс л Сүүжийг бараадсан Ховдын бөхчүүд бэлтгэл хийх газраа солиогүй цөөхөн дэвжээний нэг. Биднийг очиход Улсын заан Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн, харцага Г.Алтан­гэрэл нарын дасгалжуулсан 60 гаруй бөх бэлтгэл хийж байлаа. Энд өнөө жилийн баяр наадмын 1024 бөхийн барилдаанд түрүү бөхийн тааварт зүй ёсоор багтаж буй гурван хүчтэн бий. Ц.Мягмарсүрэн заан гартаа хадгаар ороосон ташуур барьчихсан “Мэхээ гүйцэт хий л дээ. Гүйцээгээч. Хурд дутаад байна. Битгий залхуураад бай. Унасан бол хурдан бос” хэмээн залуу бөхчүүдийн бэлтгэлийг удирдаж байлаа. 
 
Тус аймгийн бөхчүүд энэ сарын 8-наас бэлтгэлд гарсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Бямбацогт бөхчүүдээ эргэж, тэдний бэлтгэлтэй танилцаж явахтай таарлаа. Түүнээс наадмын өнгийг хэрхэн тодорхойлж байгааг сонжвол “Төрөөс 100, 101 жилийн ойн баяр наадмыг хамтатган тэмдэглэж буйгаараа энэ удаагийн Улсын баяр наадам онцлогтой болно. Тэр ч утгаараа бөхчүүд, уяачид, эрхий мэргэн харваачид бүгд наадамдаа анхаарлаа хандуулж, чадлынхаа хэрээрээ бэлтгэлээ хийж байна. Манай нутгийн хүчтэнүүд ч энэ сайхан хангай нутагт бэлтгэлд гараад 10 гаруй хоноод байна.
 
Бэлт­гэлийн байдал, сорилт барил­даануудаас харахад манайхны бэлтгэл нэлээд сайхан жигдэрсэн харагдана. Манай аймгийн хувьд Ховд аймгийн Буянт сумын харъяат улсын арслан Ш.Ванчинхүү 1940 оны наадамд түрүүлснээс хойш дахин түрүү аваагүй. Олон сайхан заан, харцага, начин төрсөн. Улсын наадмаар цолонд хүрнэ гэдэг хэн дуртай нь чаддаг зүйл биш. Бэлтгэл сургуулилт, сэтгэл зүй сайтай, хичээл зүтгэл гаргасан нь цолонд хүрнэ. Зөвхөн манай аймгийнхан гэлтгүй бусад дэвжээнээс ч гэсэн хэн сайн бэлтгэл хийсэн, хичээл зүтгэл гаргасан нь түрүүлэх ёстой. Олон сайхан аавын хүүхдүүд цол авах, цолоо ахиулах гэж барилддаг. Манай “Ховд” дэвжээнээс улсын цолонд горилж буй 5-6 бөх бий. Үүнээс гадна түрүү бөхийн тааварт ч багтаж буй бөхчүүд байгааг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Эцэст нь чадалтай, азтай одтой, бэлтгэл сайтай нь хүссэн цолондоо хүрэх болтугай” хэмээн ярилаа. Харин “Ховд” дэвжээний тэргүүн, улсын заан Ч.Батзориг “Манай Ховдын бөхчүүд жил бүр уламжлал ёсоор энэ сайхан хайрхныхаа өвөрт нэгдэн нийлж, бэлтгэл сургуулилтаа базаадаг. Миний багш Улсын заан Чадраабалын Бямбадорж хэмээх сайхан хүн надад энэ л хайрхны хормойд бөхийн эрдмээсээ зааж, амжилтад хүргэсэн юм. Тэр хүний эрдэм ухаанаар Сүүж хайрхны өврөөс улсын цолтой олон сайхан бөхчүүд төрж гарсан. Энэ наадмаар улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий, Н.Батзаяа нарыг цолоо ахиулан барилдаж, нутаг ус, аав, ээжийнхээ нэрийг өндөрт дуудуулж явах байх аа гэсэн итгэл дүүрэн байгаа” гэв. 
 
Дэвжээний дасгалжуулагч багшийн хэлснээр Б.Пүрэвсайхан, О.Хангай, Б.Бат-Өлзий нарыг цолоо ахиулаад зогсохгүй, түрүүлэх бөхийн тоонд зүй ёсоор багтаажээ. Ялангуяа, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзийг бөх сонирхогчид онцолж буй. Өнгөрсөн жил Хүй долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд ес давж түрүүлсэн түүнийг хоёр ойн наадмыг хамтатгасан Ардын хувьсгалын түүхэн жилд цолоо ахиулах, цаашлаад түрүүлэх магадлал өндөртэй бөх хэмээн найдаж, хүлээж байна. Өнгөрсөн жил түүний гаргасан амжилтыг үнэлсэнгүй гэж фэнүүд нь наадмыг ууртай үдсэн. Энэ бол Б.Бат-Өлзийд арслан цолыг гуйж биш гуядаж авах ёстойг сануулсан дэмжигчдийнх нь сануулга. Тэр хэрээр ч харцагын бэлтгэл ч өнгөтэй байгаа харагдсан. 
 
“Даян”-гаас Б.Гончигдамба, М.Лхагвагэрэл нарыг онцлохуй
 
Завхан, Баянхонгор, Булган, Өвөрхангайн бөхчүүд дэвжээ­гээрээ хоёр хуваагдан бэлтгэл хийдэг. Тэгвэл Монгол Улсын гавьяат дасгал­жуулагч, улсын начин Б.Адьяа­хүүгээр удирдуулсан улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Ш.Уламбаяр, Ш.Пүрэвгарьд, Т.Бэгз­сүрэн, начин Б.Чимэдвандан, Т.Дүгэрдорж тэргүүтэй Завхан аймгийн “Даян” дэвжээний 40 орчим бөх энд мөн бэлтгэлд гарчээ. Тус дэвжээний зөвлөхөөр чөлөөт бөхийн Дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр ажиллаж байна. “Даян” дэвжээнээс бөх сонирхогчдын анхаарлыг татаж буй хоёр хүчтэн бий. Эхнийх нь улсын хүчит гарьд Б.Гончигдамба. Түүнийг наадмын түрүү бөхийн тааварт зүй ёсоор багтааж байгаа нь дамжиггүй. Тэр энэ жилийн хувьд зааланд олон удаа барилдаагүй ч оролцсон цөөхөн барилдаандаа шөвгөрч, өөрийнхөө бэлтгэлийг ямар түвшинд байгааг харуулж чадсан юм. Үүнээс гадна цэргийн хурц арслан Мөнхтөрийн Лхагвагэрэл шинэ цолтны эгнээнд багтаж буй. Онцгой формтой байгаа тэрбээр хоёр жил дараалан Бүх цэргийн наадамд түрүүлэн хурц чимэгтэй болоод удаагүй бөгөөд начнаар тогтохгүй цол ахина гэдгийг бөхийн хүрээнийхэн ярилцаж байна. Биднийг очиход “Даян” дэвжээний наадмын сорилго барилдаан болж байсан бөгөөд Б.Гончигдамба зочдын суудалд тухалжээ. Бөхчүүдээ ахалж буй түүний хувьд дотроо нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа нь лавтай. “Даян” дэвжээний тэргүүнээр Монгол Улсын Тод манлай уяач Д.Дагвадорж ажилладаг. Галын сорилго барилдаанд улсын харцага Ш.Уламбаяр тэргүүтэй 48 бөх барилджээ. Улмаар Завхан аймгийн Яруу сумын харьяат “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208-р тусгай салбар, “Жем интернэшнл” компани, “Даян” дэвжээний бөх цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл түрүүлж, Тосонцэнгэл сумын харьяат “Хүч” спорт хороо, “Даян” дэвжээний бөх улсын харцага Шүхэртийн Уламбаяр үзүүрлэсэн юм. Эндээс М.Лхагвагэрэл арслангийн бэлтгэл хэр жигдэрснийг харж болох биз. Тэр яалт ч үгүй “Даян”-гийнхны гол найдвар учраас сэтгүүлчидтэй уулзахгүй, зураг ч авахыг зөвшөөр­сөнгүй. Өнөө жилийн баяр наадмаар улсын цолонд хүрч улмаар цолоо улам дээшлүүлэн барилдана гэсэн ард түмний хүлээлт ч өндөр байгаа юм. 
 
Бууриа сэлгэсэн Б.Серик өнгөлөг харагдах нь
 
Монголын баруун хязгаар, үндэсний цөөнхийн төлөөлөл, улсын начин Б.Серик тэргүүтэй “Таван богдын бүргэдүүд” дэвжээний залуу бөхчүүд энэ жил Сүүж хайрхныг барааджээ. Өмнөх жилүүдэд “Увс нуур” дэвжээтэй хаяа дэрлэн буудаг байсан тэрбээр энэ удаа бууриа сэлгэсэн нь цолоо ахиулж, казах түмнээ баярлуулах хүсэл тээж яваагийнх биз ээ. “Даян” дэвжээний сорилго барилдаанд зодоглон шөвгөрсөн тэрбээр тунчиг өнгөлөг харагдана билээ. Магадгүй харцага, цаашлаад заан цолонд хүрэхийг үгүйсгэхгүй.
 
Өнгөрсөн жилийн наадмын циклээс хойш өнөөдрийг хүртэл бөхийн өргөөнд чамгүй олон барилдахдаа тэр амжилтаа ахиулж байгаа юм. Жүдо суурьтай тэрбээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор цолоо батлах нь баараггүй. Харин дээшээ хэрхэн барилдахыг наадмын тэнгэр мэдэх хэрэг. Тэр Сүүжид төвхнөсөн бусад бөхөө бодвол харьцангуй орой бэлтгэлдээ гарсан ч форм сайтай харагдсан. Үүнээс гадна “Хүч” спорт хорооны бөхчүүд 40 дэх жилдээ Сүүждээ бэлтгэлд гарчээ. Улсын харцага Н.Золбоо, Дорнодын найдвар, улсын заан Д.Анар нар Сүүжийн энгэрт бэлтгэл хийж байна. Бас л өнгөлөг, бэлтгэл нь тэгширсэн байгааг анзаарлаа. Ер нь тунаанд таарах магадлалтай арваад бөх Сүүж хайрхны бэлд бэлтгэлээ базааж буйг харахад энэ жилийн наадмын бөхийн барилдааны өнгийг шинжиж болмоор ч юм шиг.
 
Ямартай ч Сүүж хайрханд бэлтгэл хийж буй бөхийн долоон галын 150 орчим хүчтэнээс 10 орчим нь дээгүүр даваанд гарч ирэх шинжтэй. Тэгвэл Хөвсгөлийн залуучуудыг улсын хүчит арслан Х.Мөнхбаатар удирдан бэлтгэл хийлгэж байна. Түүнийг дагалдан яваа залуучуудын 90 хувь нь аймаг, сумынхаа наадамд зодоглоно.  Энэ амралтын газар 1981 онд байгуулагдаж, бөхчүүд 1983 оноос галын бэлтгэлд гарах болжээ. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Сүүж хайрханд бэлтгэл хийсэн бөхчүүд улсын наадмын 20 гаруй түрүү авсан байх юм. Үүнээс гадна төрөн гарсан улсын цолтнуудыг бичнэ гэвэл тоймгүй их тоо гарна. Үнэхээр ээлтэй, өгөөжтэй болохоор бөхчүүд энд галын бэлтгэлээ хийх дуртай байдаг. Дээр дурдсанчлан дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяраас эхлээд улсын арслан Х.Мөнхбаатар, Э.Оюунболд нараар Сүүжийн булган сүүл үргэлжилнэ. Газар газрын бөхчүүдэд ээлтэй, Сүүж хайрхны өвөр бэлээс Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн түрүү бөх тодрох болтугай.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин