sonin.mn
Тээврийн дээд сургуулийн Автоматик телемеханик ба холбооны ангийн гуравдугаар курсын оюутан Г.Гантулгатай ярилцлаа.
 
 
-Спортын амжилтаасаа манай уншигчидтай хуваалцаач. Энэ талаар яриагаа эхлэх үү. Хэзээнээс спортоор хичээллэх болов?
 
-Би Дорнод аймгийн Хэрлэн сумын тавдугаар сургуулийг төгссөн. Сурагч байхын л төмөр замчин болох юмсан гэж боддог байлаа.  Анх дөрөвдүгээр ангиасаа гардан тулааны спортыг сонирхон хичээллэж эхэлсэн л дээ.
 
Анхандаа тэквандогоор хичээллэж байгаад аравдугаар ангиасаа боксоор хичээллэх болсон. Одоо боксын нэгдүгээр зэрэгтэй. Спортын мастер авч амжаагүй л явна.
 
 
-Саяхан гадаад руу тэмцээнд яваад ирлээ гэж сонссон. Олон улсын чанартай тэмцээн уралдаанд хэр оролцож байна вэ?
 
-Энэ сарын эхээр ОХУ-д болсон олон улсын тэмцээнд оролцоод хүрэл медальтай ирсэн. Манайхан ер нь багаараа сайн оролцсон л доо. Дөрвөн алт, дөрвөн хүрэл авсан. 11 орны 300 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Олон улсын чанартай тэмцээнд хоёр дахь удаагаа л оролцсон минь энэ.
 
 
Орос, Хятадын тамирчид хүчтэй өрсөлдөгч байлаа. Хятадынх нь хурд сайтай, Оросын тамирчин нь хүчтэй юм билээ. Анх удаа гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцож байсан. Энэ зун болох олон улсын тэмцээнд бас оролцох төлөвлөгөөтэй байгаа.
 
 
-Олон улсын чанартай тэмцээнд гадаадын оронд очиж оролцох, эх орондоо ийм өргөн цар хүрээтэй тэмцээнд хүч үзэх хоёр хэр ялгаатай байна вэ?
 
-Тэс ондоо шүү дээ. Тухайн тамирчин өөрийн эх орондоо байхдаа сэтгэлзүйн хувьд ч хүчтэй байдаг.Ялангуяа Оросууд зодоонд сайн болохоор хүчтэй өрсөлдөгчид болдог. Төрөлхийн зодоонч хүмүүс шиг байгаа юм. Тэмцээн эхлээд дуусан дуустал тасралтгүй зодолдож чаддаг, гоё задардаг хүмүүс л дээ.
 
 
-Чи хэдэн кг-д оролцож байгаа вэ?
 
-Би 64 кг-д хүчээ үздэг. 4-5 кг хасч оролцдог л доо.
 
 
-Тулааны урлагийг эзэмших нь зөвхөн хүн зодож сурахын тулд биш юм гэдэг.?
 
-Тэгэлгүй яахав. Тулааны урлагаар хичээллэж эхэлснээрээ хүн хамгийн түрүүнд их тэвчээртэй болдог. Би бага ангидаа их сахилгагүй хүүхэд байсан ч спортоор хичээллэж эхэлснээсээ хойш даруухан, гадуур дотуур хэсдэггүй, хичээлээ л хийгээд гэртээ байж байдаг болсон. Спорт гэдэг хамгийн наад зах нь өглөө эрт босохоос эхлээд үргэлж өөрийгөө ялан дийлэхийг шаарддаг урлаг.
 
 
-Спортын төрөл дотроос чухам яагаад бокст дурлах болов?
 
Тэквандогоор хичээллэж эхэлж байхдаа бол хүүхдийн гэнэн томоогүй зангаар зодолдох сонирхолдоо хөтлөгдөж байсан л даа. Харин 2008 оны олимпоос хойш тэс өөр бодолтой болсон.
 
Тэр үед Монгол тамирчдаа хараад үнэхээр их бахархаж, омогшиж, би тэдний адил улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргахын төлөө явах ёстой гэсэн хүсэл мөрөөдөлд автсан.
 
 
-Боксын спортыг жинхэнэ утгаар нь мэдэрч, ойлгож эхэлснээсээ хойш амьдралдаа чухам ямар үр дүн олж авч чадав?
 
-Хамгийн түрүүнд муудалцсан нэгэнтэйгээ гудамжинд зодолдоод явах, боксын рингэн дээр ялалт байгуулах хоёр асар том ялгаатай юм гэдгийг ойлгож авсан. Муудалцсан нэгэнтэйгээ зодолдоно гэдэг бол ямар ч ашиггүй шүү дээ.
 
 
Харин ч өөрийгөө болон хүнийг эрүүл мэндээр нь хохирооно. Цаашлаад хэрэг төвөгт орооцолдоно. Харин спорт бол бахархал, нөгөө талаараа урлаг юм шүү дээ.
 
-Тэмцээн эхлэхийн өмнө огт танихгүй өрсөлдөгчтэйгээ харцнаасаа эхлээд л тулалдаж эхэлнэ биз?
-Урд өмнө нь огт бие биеэ харж байгаагүй, муудалцаж маргалдаагүй хүнтэйгээ шууд гараад л зодолдож эхэлнэ гэдэг хэцүү л дээ. Маш их зориг, сэтгэлзүйн бэлтгэл шаардана. Тамирчид ринг дээр өрсөлдөгч байдаг ч гэсэн тэмцээн дууссаны дараа найз нөхөд л болчихдог. Энэ нь илүү онцлогтой л доо.
 
 
-Спортоос гадна юунд сонирхолтой вэ. Чөлөөт цагаа бэлтгэл сургуулилтдаа л зориулж байна уу?
 
-Хип хоп урсгалын дуу сонирхдог. Өөрөө үгийг нь бичнэ.
 
 
-Репперүүд бол тухайн цаг үедээ болж бүтэхгүй байгаа зүйлийг хурц тодоор илэрхийлдгээрээ онцлоготой л доо. Харин чиний бичсэн дууны үг ямар утгатай байдаг вэ?
 
-Миний мэддэг зүйл бол спорт тэр дундаа боксын спорт. Тиймээс энэ чиглэлээрээ л бичдэг дээ. Саяхан Boxing гэж дууны үг бичээд,таньдаг найзынхаа студид бичүүлж үзсэн. Ер нь болмоор юм шиг санагдсан.
 
 
Одоо энэ дуугаа мэргэжлийн томоохон студид бичүүлнэ, боксын холбоо багш нартайгаа ярьж байгаад дүрсжүүлчих санаатай байгаа. Боксыг хөндлөнгөөс хараад зохиосон дуунууд олон бий л дээ.
 
 
Гэхдээ тухайн үед тамирчин хүн яг өөрт нь ямар мэдрэмж төрдөгийг төгс илтгэж чадсан дуу ховорхон байдаг. Тийм болохоор өөртөө төрсөн мэдрэмжүүдээр илүү бодитой дуу бичихийг эрмэлздэг дээ
 
 -Зохиосон дууныхаа үгнээс сонирхуулаач?
 
... Айдсаасаа өөрөө ай 
 
Өөр юунаас ч битгий ай 
 
Эр зориг дараа нь тэвчээр 
 
Эзэн хичээвэл заяа гэгчээр
 
Эцсээ хүртэл урагшаа тэмүүл
 
Тэгэж чадвал ялалт чинийх
 
Тэвчээр бүгдийг ялан дийлнэ
 
Зорьсон зорилгоо биелэхлэх хүртэл
 
Замын талаас битгий шантар... гэх мэтчилэн бокс эхлээд дуусах хүртэл тоглогч хоёрын хооронд юу болж, тэдэнд юу бодогддог талаар л илтгэсэн дуу даа.
 
 
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
 
-Ээж маань Дорнод аймагтаа багшилдаг. Аав маань хөдөө мал дээрээ байдаг. Ах эгч хоёр маань тусдаа гарсан. Би айлын бага хүүхэд.
 
 
-Арван жилдээ байсныг эргээд харахад өнгөрсөн хугацаанд чиний хувьд юу өөрчлөгдөв?
 
-Олон зүйл өөрчлөгдсөн л дөө. Арван жилийн сурагч байхдаа ээж аавынхаа дэргэд дутагдах гачигдах зүйлгүй байсан бол оюутан болоод хотод ирэхээр гэр орноосоо хол, тодорхой хэмжээгээр бие даах чадвар шаардана.
 
 
Мөнгөө хэрхэн зөв зарцуулах вэ гэхээс эхлээд л. Миний хувьд багаасаа тэмцээн уралдаанд багш нараа дагаад явчихдаг байсан болохоор бусдыг бодвол бие даах тал дээр хүндрэлтэй тулгараагүй ээ. Зарим хүүхэд бол буруу зам руу орчихдог шүү дээ.
 
 
-Одоо хичээлийнхээ зав чөлөөгөөр тэмцээн уралдаанд оролцоод байгаа. Гэхдээ мэргэжлийн талбар дээр гарахаар амьдарлын шаардлагаар аль нэгийг нь сонгох хэрэгтэй болох байх. Энэ талаар ямар бодолтой байна?
 
-Төмөр замчин мэргэжил бол миний мөрөөдөл байсаар ирсэн. Тийм ч болохоор би мэргэжилдээ илүү ач холбогдол өгнө гэж боддог. Одоо төгсөхөд нэг жил гаруй хугацаа байна. Энэ хугацаанд л тэмцээн уралдаандаа амжилттай оролцохыг хичээнэ дээ.
 
 
-Монголын боксчдоо гадныхантай харьцуулбал?
 
-Манай улсын хувьд материаллаг бааз, бэтгэл сургуулилалт хийх боломж бололцоогоороо бусад орны дэргэд дутмаг л даа. Жишээ насанд хүрэгчдийн улсын аварга л гэхэд жилдээ ганцхан л удаа зохиогдож байна.
 
 
Ганцхан болдог тэмцээндээ ялалт байгуулж чадахгүй л бол дараа жил хүртэл хүлээх шаардлага гарна. Жилийн турш бэлтгэл хийж, хөлс хүчээ урсгачихаад дахиад нэг жил хүлээнэ гэдэг үнэхээр харамсалтай л даа. Өөр улс орнуудад бол жилдээ дор хаяж 50-60 тэмцээн зохиогддог.
 
 
Тийм олон тэмцээнд оролцож байгаа хүмүүсийн чадвар сайжрах нь аргагүй шүү дээ. Ур чадварын хувьд Монголын боксчид техник, мэдрэмж сайтай л даа. Оросууд бол хэдий сайн ч хар бяраараа, гудамжны зодоон маягаар нь тэмцээн дуусан дуустал савалчихдаг хүмүүс байдаг.
 
 
-Анх улсын чанартай томоохон тэмцээнд оролцож байснаа эргэн дурсвал?
 
-Нэг удаа тэмцээнд оролцохдоо өрсөлдөгч тамирчныхаа царайг харж амжилгүй гурван раунд дуусгаж байснаа тод санадаг юм. Маргааш нь өглөө боссон чинь хамаг бие хөдлөх аргагүй хөндүүр болчихсон байж билээ. Өмнө нь томоохон тэмцээн уралдаанд орж байгаагүй болохоор сандарсан байх л даа.
 
 
Бараг нүдээ аниад л дайрчихсан шиг байгаа юм. Ер нь, анх тоглож байгаа хүүхэд бүхэн л эхэндээ тэгдэг л дээ. Яваандаа туршлагажаад ирэхээр өөрийнхөө хүч тамирыг нөөнө, өрсөлдөгчийнхөө сул талыг алдахгүй ашиглана гээд л бодлоготой, авхаалж самбаатай тоглож сурдаг.
 
 
-Чиний хувьд тэмцээнд оролцохын өмнөх өдрөө хэрхэн бэлтгэл хийдэг вэ?
 
-Сэтгэл санаагаа л сайн бэлтгэж тайван байдаг даа. Ер нь, тоглолтын өмнө маргааш болох тэмцээнийхээ талаар бодож болдоггүй байхгүй юу. Хэрвээ өрсөлдөгч тал маань тэгэж цохивол би тэгнэ, ингэнэ гэж төсөөлөн бодоод байвал маргааш нь яг л түүнийгээ бодоод, биеэ чангалаад чөлөөтэй тоглож чадахгүй болчихдог л доо. Тиймээс юу ч бодохгүй байж байгаад шууд гараад л тухайн үедээ хийх зүйлээ хийх нь илүү амжилтад хүргэдэг.
 
 
-Боксын спортын хамгийн хэцүү зүйл нь юу вэ?
 
-Мэдээж, амар хялбар зүйл ховор шүү дээ. Тэр тусмаа эр зоригийн спортод. Жин хасахаас эхлээд бас л хүнд шалгууруудыг даван туулах шаардлагатай болно шүү дээ. Хөндлөнгийн хүн дургүй хүргэж байсан ч юу ч болоогүй юм шиг өнгөрөөх хэрэгтэй байдаг.
 
 
Багш нар маань ч хатуу захидаг л даа. Энгийн хүмүүстэй зодолдож болохгүй та нар шиг байнга бэлтгэл сургуулилалт хийж байдаггүй болохоор нэг цохиход л тархи нугасандаа хүнд гэмтэл авна гээд л.
 
 
 
-Тэмцээн уралдаанд оролцохдоо сургуулиасаа хэр дэмжлэг авдаг вэ?
 
-Манай багшийн үед "Замчин" нийгэмлэгийн дэргэд "Алтан бээлий" клуб гэж байсан. Тамирчдаа тэр клубээрээ дамжуулан дэмждэг байсан юм билээ. Одоо бол тийм зүйлгүй л байна. Гэхдээ энэ клубын үйл ажиллагааг дахин сэргээх тухай ярьж байгаа.
 
 
Хэрэв энэ санаа биелэлээ олчихвол олон л хүнд хэрэгтэй байх. Ер нь өнөө цагт тамирчид гадна дотны томоохон тэмцээн уралдаанд оролцоход ивээн тэтгэгч хамгаас чухал байдаг л даа.
 
Эх сурвалж: “Ганзам” сонин