
БРЮССЕЛЬ, 2025 оны тавдугаар сарын 6 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинжлэх ухаан, судалгааны салбарт хязгаарлалт тавиад байгаа энэ үед Европын Комисс гадаадын эрдэмтдийг, тэр дундаа Америкийн эрдэмтдийг татах зорилгоор 500 сая еврогийн нэмэлт санхүүжилт гаргахаар төлөвлөж байна. Энэхүү санхүүжилтийг 2025-2027 оны хооронд хэрэгжүүлэх "Choose Europe for Science" (Шинжлэх ухааны төлөө Европыг сонгоцгооё) хэмээх шинэ хөтөлбөрт хөрөнгө оруулахад зарцуулна гэж Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен даваа гарагт Парис хотод мэдэгджээ.
Шинэ хөтөлбөр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эрдэмтдийг дэмжинэ
Европын Комиссын даргын хэлснээр, санхүүгийн энэхүү урамшуулал нь Европын Холбоог /ЕХ/ "эрдэмтдийг татах төв" болгоход чиглэсэн дээрх хөтөлбөрөөр дамжуулан "Европын орнуудын төдийгүй дэлхийн бусад орны хамгийн шилдэг, хамгийн авьяаслаг эрдэмтэд, судлаачдыг дэмжих" ажээ.
"Дунд болон урт хугацаанд бид шинжлэх ухааны судалгаа, бүтээлүүдэд оруулах ЕХ-ны орнуудын хөрөнгө оруулалтыг ДНБ-ий 3 хувьд хүргэхийг эрмэлзэж байна" гэж фон дер Ляйен Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны хамт Сорбонны их сургуульд үг хэлэхдээ мэдэгджээ.
Үүний сацуу судалгааг чөлөөтэй хийх эрхийг хууль эрх зүйн түвшинд баталгаажуулах ёстой гэдгийг тэрбээр нэмж дурдсан байна. Европын Комиссын дарга хэлэхдээ, Д.Трамп Цагаан ордонд буцаж ирснийхээ дараа шинжлэх ухааны салбарын талаарх бодлогод өөрчлөлт оруулсныг "том алдаа" хэмээн мэдэгджээ. "Өнөөгийн дэлхий ертөнцөд гүйцэтгэж буй шинжлэх ухааны үүрэг эргэлзээтэй болж байна. Суурь, чөлөөт, ил тод судалгаанд оруулж буй хөрөнгө оруулалт тодорхой бус болж байна" гэж фон дер Ляйен онцлон тэмдэглэжээ.
Э.Макрон: Европ шинжлэх ухааны хувьд “аюулгүй боомт” болно
Харин Э.Макрон мэдэгдэхдээ, АНУ-д шинжлэх ухааны эрх чөлөөнд "аюул" учирч буй энэ үед Европ Америкийн эрдэмтдэд "аюулгүй орон зайг" бүрдүүлэх ёстой гэв.
“Эдийн засгийн загвар нь чөлөөт шинжлэх ухаанд тулгуурласан ийм агуу ардчилсан улс ийм том алдаа гаргана гэж хэн ч бодоогүй биз ээ” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Европыг шинжлэх ухааны хувьд “аюулгүй боомт” болгохын тулд гадаадын судлаачдыг татах зорилгоор Франц улс нэмж 100 сая евро гаргана гэж Э.Макрон мэдэгджээ. “Чөлөөт, нээлттэй шинжлэх ухаангүйгээр бат бөх ардчилал орших боломжгүй” хэмээн тэрбээр онцолсон байна. Францын засгийн газар дөрөвдүгээр сарын дунд үеэс гадаадын эрдэмтдийг олноор нь татах зорилгоор цахим платформыг аль хэдийн нээжээ.
“Чөлөөт шинжлэх ухаан бол либерал ардчиллын зүрх”
Э.Макрон цааш хэлэхдээ “чөлөөт шинжлэх ухаан үгүй бол барууны либерал ардчиллын гол үнэт зүйл алдагдана" гэж онцлоод, чөлөөт шинжлэх ухаанд итгэдэг дэлхийн эрдэмтдийг Европт ирж судалгаа хийж, багшилж, ажиллахыг уриалжээ. Америкийн эрдэмтдийн 75 гаруй хувь нь гадаадад шилжин суурьших талаар судалж байгааг шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд гуравдугаар сарын сүүлчээр нийтлэгдсэн судалгаа харуулжээ. Д.Трампын бодлогыг эсэргүүцдэг хэд хэдэн эрдэмтэн АНУ-аас явахаа мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Европыг бурхан ивээх болтугай. Европыг дахин агуу болгоё. Ардчилагч чөтгөрүүд далдраасай.