
Монгол, Ираны Гадаад харилцааны яам хоорондын II зөвлөлдөх уулзалт Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нийслэл Техран хотноо энэ сарын 5-нд боллоо.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг өнө эртний түүхэн холбоотой Монгол, Ираны уламжлалт найрсаг харилцаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглээд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал, мэдээлэл солилцов.
Талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж байгааг тэмдэглэж, цаашид Монгол Улсаас Иран Улсад халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн Ил Хаант Улсын түүх, соёлыг судлах ажил 2014 оноос хойш амжилттай хэрэгжсэнийг онцолж, хоёр орны ард иргэдийн найрамдал, нөхөрлөл, харилцан ойлголцлыг бататгах, түүх, соёлын дурсгалт өв болон биет бус өвийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж, хамтарсан судалгааны ажлыг үргэлжлүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Ираны Эдийн засгийн асуудал хариуцсан Гадаад хэргийн дэд сайд Сайед Расоол Мохажер, Ираны Үндэсний музейн удирдлагуудтай тус тус уулзав. Хоёр улс 1971 оны тавдугаар сарын 20-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд ирэх жил 55 жилийн ой тохиож байна гэж ГХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл1
Эртний түнш Ирантай бүх талаар хамтрах хэрэгтэй. Монголд бол үнэхээр элэгтэй.