sonin.mn

Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын Төрийн айлчлалд зориулав


Ази-Европыг холбосон “Торгоны зам”-ын зангилаа нутаг, Каспийн эрэг дээрхи байгалийн үзэсгэлэнт сайхан Туркмен орны Төрийн тэргүүн С.Бердымухамедов Туркменистаны ард түмний чин сэтгэлийн талархал, найрамдал нөхөрлөлийг тээсээр манай эх оронд морилох гэж байна. Энэ улсыг Зөвлөлт Холбоот Улсаас салснаас хойш төдийлөн ойр дөт харилцаа хөгжүүлж байгаагүй бол өнгөрсөн онд буюу 2024 онд манай улс санаачлан “цөмрөлт хийсэн” гэж томруулж дүгнэхэд буруутахгүй болов уу. Гуч гаруй жил (1992 онд дипломат харилцаа тогтоосон) зогсонги байсан харилцааг шинэ шатанд, бүр идэвхтэй шатанд нь гаргахаар ноён У.Хүрэлсүх Төрийн айлчлал хийсэн ба тэрбээр Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистантай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө тэр улсад морилсон юм.


Тэгэхэд хоёр улсын Төрийн тэргүүн Монгол-Туркменистаны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, түүний дотор хөдөө аж ахуй, зам тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг асуудлаар тун ажил хэрэгч, найрсаг, халуун дотно уур амьсгалд санал солилцсоны үргэлжлэл нь энэ удаагийн хариу айлчлал болно.

 

Энд миний бичих сэдэв хоёр орны харилцааны тухай биш, харин тэр улсын гадаад бодлогын тухай юм. Тасралтгүй 30 жилийн турш тууштай Төвийг сахисан найрсаг улсын Ерөнхийлөгч манай улсад айлчлах гэж байгаа тул тэр өнцгөөс нь нийтлэлээ босгосныг хүлээн авна уу.

 

Ер нь тэнд зочилсон гадаадын өндөр дээд зочид төлөөлөгчдөд ёслолын нэгэн ритуал байдаг. Тусгаар тогтносон, төвийг сахисан Туркменистанд хүндэтгэлээ үзүүлэх, Төвийг сахих статусын гэрэлт хөшөөнд нь цэцэг өргөх, тэр нейтралитет гэдэгт нь олон улсын хамтын нийгэмлэг ихээхэн анхаарал хандуулж, сайн сайхныг ерөөж байгааг илэрхийлэх ёслол юм. Туркменистаны ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахатын дарга Гурбангул Бердымухамедовын (өмнөх Ерөнхийлөгч) бүтээлээс тэр Төвийг сахих бодлогыг нь олж тодруулъя. 



Бүх нийтийн энх тайван, тулхтай хөгжил, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тэрхүү Төвийг сахих эрх зүйн статусыг ашиглах нь хамгийн үр өгөөжтэй механизм гэдгийг Туркменистан дэлхийд нотлож чадсан. Төвийг сахих эрх зүйн статусын хязгааргүй их хүч бололцоо юм. Тэр хэрээрээ тэр улсын олон улсын нэр хүнд дэлхийн улсуудын дунд ямагт дээшилж байгаа нь чухам тэр бодлогынх нь үр дүн болох ажээ. Тэр их бололцоо нь бүс нутгийн төдийгүй глобал масштаб дээр тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлж ирснийг энэ 30 гаруй жилд харуулжээ. Харуулаад зогсохгүй улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, экологийн үй олон асуудлаар улс гүрнүүд, олон улсын байгууллагууд хамтран ажиллах, улмаар энх тайвныг сахиулах НҮБ-ын зорилтыг хэрэгжүүлэхэд Туркменистаны Төвийг сахих статус чухал үүрэг гүйцэтгэжээ.

 

Дэлхийн улс орнуудтай харилцахад Төвийг сахих эрх зүйн статус нь харин ч ил тод, алсын хараатай, үр нөлөөтэй хүчин зүйл болон ашиглагджээ. Ил тод, тунгалаг харилцаа хэмээн Гурбангул Бердымухамедов нэрлэжээ.


Тэр дундаа Төв Ази дахь энх тайван, сайн хөршийн харилцан ашигтай хамтын ажиллагаа, тулхтай хөгжлийн эрх ашигт зөвхөн Төвийг сахих эрх зүйн статусаа баримжаалж ирсэн, тэгсэн нь ч зөв байжээ. Бүс нутагт интеграцыг хурдавчлахад Туркменистаны энэ сонголт хамгийн зөв үнэмлэхүй хувилбар байсан ба гэхдээ тэр сонголт нь амаргүй амаргүй атлаа яруу алдрын зам туулжээ. Хуучин СССР-ийн бүрэлдэхүүнд орж явсан, түүхий эдийн хавсарга, хоцрогдонгуй энэ жижиг улс тусгаар тогтнолоо гэнэт олж аваад, маш богино хугацаанд бие даан маш олон асуудал шийдвэрлэх хэрэгтэй болсон, тиймээс шинэ бодит байдлаа зөв олж харах, өмнөө тавьсан бодит зорилтуудаа шийдвэрлэх, олон улсын харилцааны системд интеграцчилагдахын тулд гадаад бодлогын энэхүү амаргүй сонголтыг хийжээ. Тэр сонголтоос Туркмен орны төрт ёсны хувь заяа, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлынх нь хувь заяа олон талаар шалтгаалж, гадаад бодлогын энэ загвар дээр алдах л юм бол улс орон бие даасан байдлаа алдах, үндэсний хөгжлийн жинхэнэ зорилгоосоо холуур эрх ашгийн эргүүлэгт татагдан орохоор тийм цаг үеүд ч байв. Одоо ч амаргүй байна. Тэгээд ч шинэ загвараа “Нааштай Төвийг сахих” хэмээн нэрлэж, түүндээ энхийг эрхэмлэгч, бусад улсын дотоод хэрэгт үл оролцогч, тэдгээрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэгч, олон улсын цэргийн байгууллага, гэрээнд үл оролцогч тэрхүү бодлогоо суулгаж өгчээ. 


Тусгаар тогтнолын туршлагагүй залуу Туркмен улс хөршүүдтэйгээ зөвшилцөн оршиж, бусад бүх улс оронтой найрсаг, эрх тэгш харилцаатай байж, харилцан ашигтай эдийн засаг, худалдаа хөгжүүлэхээс өөр зам байгаагүй, тэгж байж л ард түмэн нь энх амгалан, сэтгэл тайван аж төрж, эдийн засаг нийгмийн төлөвлөгөөгөө биелүүлсэн хэмээн ноён Гурбангул  Бердымухамедов тэмдэглэсэн байх юм. Нэгэнт л төвийг сахисан тул Туркменистан нь олон улсын бодлогоо цэвэр цагаан цаасан дээр томъёолсон, аль нэг улс орны эсрэг ямарваа өнгөлзлөг тавиагүй, бүгдтэй нь найрамдан хамтран ажиллахыг зорьсон. Тэр утгаар нейтралитет гэдэг нь хөгжил дэвшлийн бүр үнэмлэхүй зөв загвар гэсэн байна. 


Нейтралитет нь дотоод бодлого дээрээ энхийг эрхэмлэх, зөвшилцөх, хүлцэх тэвчих энэрэнгүй хүнлэг ёсны үндсэн зарчим болж төлөвшинө. Дотоод улс төрийн байгуулалтад ёс суртахууны суурь болж хэрэгжинэ. Туркмены ард түмний сайн сайхан чанарууд түүнд хосолно.

 

Ноён Гурбангул Бердымухамедовын онож хэлснээр бүс нутгийн улс орнууд бүгд Төвийг сахих бодлого сонгон авч, түүний хүч нөөцийг ашигласансан бол Афганистаны байдлыг эв зүйн аргаар зохицуулахаас эхлээд НҮБ хүрч үр нөлөөтэй ажиллах бүх улс орон цэгцрэх, зэвсэг хураах, зэвсгийн нөөц багасгах, ус-эрчим хүчний асуудал тэнцвэртэй шийдвэрлэгдэх байсан бололтой юм. 2007 оноос Ашхабадад НҮБ-ын нэгэн бүсийн төв ажиллаж байна. Тэр нь Төв Ази дахь урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагааны төв. Тэр утгаар Төвийг сахих эрх зүйн статусынх нь хөгжлийн шинэ үе шат нээгдэж, хямралт байдлыг зохицуулах үр өгөөжтэй загвар механизм ажиллаж эхэлсэн гэж өөрсдөө үздэг. Үүнд нь НҮБ ихээхэн анхаарч, ач холбогдол өгч иржээ.


“НҮБ”, “НҮБ” гэсэн үгс Гурбангул Бердымухамедовын бүтээлд олонтаа дурдагдсанаас бус аль нэг тэргүүлэх дагалдах чиглэлийн улс оронтой хоёр талын харилцаагаа үнэлж дүгнэсэн ганц ч үг өгүүлбэр тааралдсангүй. Бас Засгийн газрынх нь албан бичиг баримтад тодорхой заалт байхгүй нь миний анхаарлыг татсан л даа.


Хамгийн ихээр анхаарал татах нь бол НҮБ-аас аль нэг өдрийг “Tөвийг сахих олон улсын өдөр” хэмээн зарлах, тэгээд тэр өдрийг жил бүр тэмдэглэж байх тухай саналыг Tуркменистан дэвшүүлжээ. Энэ улс Төвийг сахих статусаа тунхаглан баталгаажуулсан “12 дугаар сарын 12” гэх өдрийг НҮБ-ын олон улсын тийм өдөр хэмээн товлон НҮБ-ын тогтоолоор батлуулах гэсэн нь тус улсын хүсэл тэмүүлэл, дипломатын ур ухаан байв. Олон улсын ийм өдрийг буй болгон жил бүр тэмдэглэж байх саналыг олон улс орон дэмжиж дор бүрнээ мэдэгдэл хийж байсныг би сайн санаж байна.


Туркменистаны нейтралитет бол ноён Гурбангул Бердымухамедовын тодорхойлсноор бүх чиглэлд олон улсын өргөн түншлэл хөгжих шинэ, том, сайхан боломж ажээ. Тийм учраас Туркмены төр- улсын стратегийн тэргүүлэх чиглэл нь мөнөөс мөн.


Стратегийн тэргүүлэх чиглэл гэдгийг нь ганц баримтаар нотлоё. Энэ 2025 оныг НҮБ-аас “Олон улсын энх тайван, итгэлцэлийн жил” болгон зарласан ба Туркменистан улсын дэвшүүлсэн санаачилгын форматыг НҮБ хоёр сар гарангийн өмнө Ерөнхий Ассамб­лейн чуулганаараа тогтоол батлаж албажуулсан. Хамтран зохиогчоор дэлхийн 86 улс оролцсон. Гурбангул Бердымухамедовын дэвшүүлсэн “Яриа хэлэлцээ–энх тайвны баталгаа” гэх шинэ үзэл санааных нь логик үргэлжлэл нь тэр тогтоол болсон хэмээн туркменчууд бахархалтайя тэмдэглэн ярьж байна. Хэд хэдэн ойн давхцалыг тэд олж харсан буюу бэлгэдэл болгон овжноор авч ашигласан.


  1. НҮБ-ын түүхт 80 жилийн ой;
  2. Дэлхийн II дайн дууссаны 80 жилийн түүхт ой;
  3. Тус улс байнгын Төвийг сахих бодлогоо тунхагласны 30 жилийн ой;
  4. Энэ жилжингээ тэмдэглэх “2025 он–Олон улсын энх тайван, итгэлцэлийн жил”.

 

Төгсгөлд нь тэмдэглэхэд, НҮБ-тай стратегийн түншлэл хөгжүүлсэн энэ улсын гадаад бодлогын туршлага гэж бас байх ба энэ тухай судлаж, гадаад бодлогодоо нэн яаралтай хэрэгжүүлэх талаар ажиллавал ямар вэ, бид? Энэ тухай анх удаа би хөндөж бичиж байж магадгүй. Судлана уу.

 


Д.Баярхүү