sonin.mn

УИХ-ын гишүүн, "Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр: " АН-аас сонгогдсон УИХ-ын 40 гишүүн Ерөнхийлөгчийн засаглалыг эсэргүүцэж сонгодог парламентын засаглалаа хамгаалах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, гарын үсэг цуглуулаад явж байгаа нь дээрх ноцтой үг үйлдэл үнэн болохын баталгаа гэж харж байна.  


Энэхүү тогтоолын төслийг санаачлаад явж буй гишүүдийг АТГ-аар шалгуулна шоронд хийнэ, туг тахина гэх мэт хэн ярьсан үнэн худал нь мэдэгдэхгүй яриа Төрийн ордонд ид өрнөж байна. Үнэний араас бид бүгд хөөцөлдөх хэрэгтэй байна. 


Саяын өдрүүдэд надтай хамт ажилладаг хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас дуудаж учир битүүлгээр байцаасан байна.

Хэдхэн жилийн өмнө УИХ дахь МАН-ын 65-ын бүлэг 32, 33-аар АН-ын 9-ийн бүлэг 3, 6-аар дотроо хагарч төрд хямрал үүсэх завсарт тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ноцтой үг үйлдэл гаргаж улмаар зам мөрт нь садаа болсон хүмүүсийг хилс хэрэгт гүтгэн шоронд хэлмэгдүүлж байсныг миний бие хохирч явсан хүний хувьд өглөө бүр санадаг. 


Х.Баттулга энэ санаархлаа өнөөдөр ч гэсэн хаяагүй гэдэгт итгэдэг. Энэ хүнийг би төрийн хутгуур ч гэж хардаг.


Харин тэр үед өнөөдрийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Х.Баттулгын дээрх үг үйлдлийг таслан зогсоож түүхэн гавьяа гаргаж байсанд маш их талархалтай ханддаг. 

Саяхан Ерөнхийлөгчийн зүгээс хоёр ч удаа албан ёсоор ардчилсан Үндсэн хуульд хүндэтгэлтэй хандана хэмээн байр сууриа баталгаажуулсан явдалд мөн талархаж байна. 

Хэрэг явдал иймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх тухай албан бичигт дурдагдсан үүссэн улс төрийн нхөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх шаардлагатай байна гэсэн нь онцгой анхаарал татаж байгаа учраас тун удахгүй ТББХ-р эхлэх хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс энэ талаар асууж тодруулж байж дэмжих эсвэл дэмжихгүй шийдвэрээ бид гаргах болно” гэв. 


З.Болор