sonin.mn

Монгол Улс шинэ Үндсэн хуулийг 1992 онд батлахын өмнө монголын ард түмнээс Хаант засагтай байх, Ерөнхийлөгчийн засагтай байх, эсвэл Парламентын засагтай байхын алийг сонгох талаар саналыг нь авсан байдаг.


Ард түмэн Парламентын засагтай байх түүхэн сонголтыг хийсэн. Ард түмний энэхүү сонголтыг төгс баталгаажуулахын оронд Ерөнхийлөгчийг ард түмнээр сонгодог болгосноор Монгол Улс эрх мэдлийн хоёр толгойтой сүүлийн 30 гаруй жил явж байна. Энэ хугацаанд 6 Ерөнхийлөгчийг сонгожээ.


Ард түмний сонголт ямар байсныг эргэн саная. Анхны Ерөнхийлөгч Монгол Улсыг Азийн бар улс болгохоо амласан боловч хэдэн жилийн дараа эргээд харсан чинь баар улс болгочихсон байв. Хоёрдахь Ерөнхийлөгч суудлаасаа буусны дараа уул уурхайн мэдлэггүй хэдий ч Оюу толгойн ТУЗ-д Монголыг төлөөлөн олон жил сууж ихээхэн баяжсан боловч улсынхаа төлөө юм хийсэнгүй. Түүний титэм үгт айлдсан сургааль, амьдралынх нь бодит байдал хоёр хол зөрсөн юм. Гуравдагч Ерөнхийлөгч “Авилгын загалмайлсан эцэг” гуншинтай дуусав. Дөрөвдэх Ерөнхийлөгч шудрага бусын хонгил үүсгэн шүүхийн хараат бус байдлыг алдагдуулан, шүүгчдийг өөрийн уйваагүй үйлдлийг хамгаалагчид, гардан хэрэгжүүлэгчид болгон хувиргаж түүний томилсон шүүгчдийн үлдэгдэл өнөө ч гэсэн шудрага ёс тогтоох ажилд чөдөр тушаа болсоор байна. Өөрөө олон гэм нүгэл нь илчлэгдэхээс зугтаан гадаад оронд орогнон эх орондоо ч ирэх нүүргүй болов. Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн мэдээ сонсогдож байгаа.


Тавдахь Ерөнхийлөгч байсан нөхөр яг одоо Төгрөг нуурын нүүрсний уурхайг олон зуун сая доллароор зарж мөнгийг хувьдаа завшсан болох нь баримт нотолгоогоор ил болж хууль хүчний хэд хэдэн байгууллага хамтран түүний хэргийг мөрдөж шалгаж байна.


Казино тоглож банк дампууруулсан хэрэгтэн нөхрийг зургаадахь Ерөнхийлөгчөөр сонгосон гэсэн шүүмжлэл гарсаар байна. Монголын ард түмэн л өө сэвгүй улс төрчийг Ерөнхийлөгчөөр сонгож чадахгүй байгаа юм уу гэтэл бас тийм биш бололтой юм. БНСУ-д ард түмнээр сонгодсон Ерөнхийлөгч нар нь бараг бүгд толгой дараалан хууль зөрчин гэмт хэрэг үйлдсэн, авилга хээл хахуул авсан нь тогтоогдон зарим нь амиа хорлох, шорон гянданд хоригдсоор байгааг бид мэдэх билээ. Хойт хөрш Б.Путин гэдэг хүнийг олон удаа Ерөнхийлөгчөөр сонгосны эцэст түүний бодлого, үйлдлийг өөлж шүүмжилсэн хүн болгоныг баривчилдаг, хорьж шорон гянданд суулгадаг айхавтар дарангуйлагч, бусад улсын газар нутгийг булаан авдаг, тусгаар тогтносон улсын эсрэг дайн түрэмгийлэл үйлдэн газар нутгийг нь таслан авдаг, бусад улс орныг цөмийн зэвсгээр айлган сүрдүүлдэг аюултай түрэмгийлэгчийг бий болгоод байна. Дэлхийд ардчилал, эрх чөлөөний гэрэлт бамбар болж ирсэн АНУ-д Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп ажилдаа ороод 100 хонохдоо дэлхийн түүхэнд байгаагүй худалдааны (зарим улсын эсрэг 145 хувийн ) тариф тогтоосноос болж улсынхаа эдийн засгийг уналтад оруулах, дэлхийн худалдаа эдийн засгийг савлуулах, бусад улс орныг (Канад, Грийнланд) өөртөө нэгтгэх зэрэг хүний санаанд үл багтах бодлого явуулж байгаагаас болж нэр хүнд нь өдөр хоногоор эрчимтэй унаж байна. Энэ бүхнээс үзвэл монголчууд төдийгүй дэлхийн бусад улс гүрний ард түмэн ч зөв хүнийг Ерөнхийлөгчөөр сонгож чаддаггүй болохыг тод харуулж байна.


Монголын ард түмний сонгож байсан Ерөнхийлөгч нарын үйл ажиллагааны таагүй төрх байдал нь Монголд бий болсон эрх мэдлийн хоёр толгойтой байдлыг эцэслэн шийдэх шаардлагатай болохыг нотлож байна.


Сүүлийн үед Үндсэн хуулинд гар хүрэхгүй тухай, тэгсэн хэрнээ парламентын засгийг төгөлдөржүүлэх тухай ярьцгааж байна. Энэ хоёр нь хоорондоо авцалдахгүй зүйл болно. Эрх мэдлийн хоёр толгойтой байдлаас нэг толгойтой байдалд шилжихийн тулд Үндсэн хуулинд гар хүрэхээс өөр аргагүй. Нөгөө талаар манайд парламентын засгийг төгөлдөржүүлэх тухай ярихад эрт, харин парламентын засгийг эцэслэн хэлбэржүүлэх асуудлыг ярих ёстой. Үүний тулд дараахи алхмыг хийх шаардлагатай гэж үзнэ. Эхлээд Үндсэн хуулиндаа гар хүрч Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодогийг болиулан, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болгосон өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Ингэснээр парламентын засагтай байна гэсэн монголын ард түмний түүхэн сонголтыг эцэслэн хэлбэржүүлж баталгаажуулсан хэрэг болох юм. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахаар шийдвэл бас нэг засах зүйл нь УИХ-ын дарга гэсэн нэр томьёо юм. Парламентын засагтай улсуудад парламентын спикер гэж байдаг. Энэ нь парламентын хуралдааныг даргалагч гэсэн үг юм. Гэтэл манайд хурал даргалагч төдийгүй, УИХ-ын дарга гэсэн том албан тушаалтан, эрхтэн дархтан болоод хувирчихсан байгаа.


Монгол Улсыг гурван даргын улс болчихсон гэж яриад байгаа нь оргүй зүйл биш юм. Тиймээс Үндсэн хуулинд УИХ-ын дарга гэснийг УИХ-ын хуралдааныг даргалагч болгон шинээр томьёолж оруулах шаардлагатай гэж үзнэ.


Ингэсэн тохиолдолд Монгол Улс гурван даргын улс биш, харин нэг толгойтой, парламентын засгийн хэлбэрээ бүрэн олсон улс болж хувирах юм. Манай Үндсэн хууль болон Төрийн байгуулалтын тогтолцоог судалсан гадаадын эрдэмтэд, судлаачид Монгол Улсыг Хагас Ерөнхийлөгчийн засагтай улс гэж дүгнэдэг. Хэрэв дээр дурдсан хоёр өөрчлөлтийг манай Үндсэн хуулинд хийж өгвөл эрдэмтэн судлаачид манай улсыг парламентын засагтай, парламентын бүрэн ардчилалтай улс гэж эргэлзэж тээнэгэлзэх зүйлгүй дүгнэнэ гэдэгт би итгэл төгс байна. Ингэсэн тохиолдолд парламентын засагтай байх гэсэн Монголын ард түмний түүхэн сонголтыг амьдралд эцэслэн бүрэн хэрэгжүүлсэн хэрэг болох юм. 


Элчин сайд Ч. Баатар





Чойсүрэнгийн Баатар-


1950 онд Архангайд төрсөн, Москвад ОУХДС төгсгөж Дипломат албанд ажиллахдаа Их Британид Элчин сайд, Гадаад харилцааны дэд сайд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, НҮБ-д Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан.