sonin.mn

ПАРИС, 2025 оны зургаадугаар сарын 16 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг болгох сонирхолтой байгаагаа удаа дараа илэрхийлээд байгаа энэ үед Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Ерөнхий консулын газраа Гренландад нээхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. "Хэлэлцээний үеэр би Ерөнхий консулын газар нээх төлөвлөгөөтэй байгаагаа Ерөнхий сайд нарт мэдэгдсэн.


Бид та бүхний дэргэд, илүү ойр байхын тулд энд шинэ Ерөнхий консулын газар нээхээр шийдвэрлэсэн" гэж Э.Макрон Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен, Гренландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен нартай уулзсаны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. 


Францын Ерөнхийлөгч Арктикийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр Гренландад ням гарагт айлчилсан тухай Елисейн ордон мэдээлжээ. Э.Макрон Ницца хотноо болсон Далайн асуудлаарх НҮБ-ын гуравдугаар бага хуралд үг хэлэхдээ "Гренландыг өөртөө нэгтгэх АНУ-ын оролдлогын эсрэг" байр суурьтай байгаагаа, мөн далайн гүний нөөцийг ашиглахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.  





Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг