sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 18 бичиг баримтад гарын үсэг зурлаа. Тэдний нэг нь “Газрын тосны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний яам хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний сайд Е.К.Аккенженов гарын үсэг зурсан юм.


Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням энэ тухай: "Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд манай салбарт хоёр чиглэлийн хамтын ажиллагааны санал дэвшүүлж байна.


Нэгдүгээрт: Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний яам, Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хооронд газрын тосны салбарт хамтран ажиллах талаар ярилцаж байна. Газрын тосны асуудал дээр хамтран ажиллах, түүхий тос авах, газрын тосны бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэж байна. Бид нэмэлт эх үүсвэр бий болгох, өөрөөр хэлбэл зөвхөн хоёр хөршөөс гадна өөр улс орноос авах асуудлыг ярьж байна. Энэ улс нь үндсэндээ газрын тосны салбарт манайхтай хамгийн ойр, нэлээн амжилттай яваа орнуудын нэг юм.


Хоёрдугаарт: Цөмийн эрчим хүч.

Цөмийн эрчим хүчний хувьд Казахстан улс нь дэлхийд тэргүүлэх байр суурьтай, түүхий эдээр хангах чиглэлд чухал үүрэгтэй орон юм. Энэ чиглэлээр бид:


Стандарт суралцах
Ард иргэддээ ойлгуулах
Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг өрнүүлэх, судлаачдаа бэлтгэх, хүний нөөцөө бэхжүүлэх, хамгийн чухал нь олон улсын хууль, эрх зүйн стандарт, дүрэм журамтай хэрхэн уялдуулж ажиллах талаар туршлага судалж хамтран ажиллана.


Энэ хүрээнд бид Казахстаны цөмийн эрчим хүчний агентлагтай хамтарсан ажиллагааны санамж бичиг байгуулж байна. Бидний хувьд энэ чиглэлд дэлхийн томоохон тоглогч болох боломжтой салбар гэж үзэж байна. Казахстан улс гурван жилийн өмнө нийт ард иргэдийнхээ дунд санал асуулга явуулсан бөгөөд уг санал асуулгын 75 хувь нь энэ салбарыг дэмжсэн гэсэн үр дүн гарсан. Үүний үр дүнд ард иргэдтэйгээ ойлголцох чиглэлд ихээхэн ахиц гаргасан талаар бидэнд танилцуулсан." гэлээ.


Монгол Улс Казакстан Улсаас нэг сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор санамж бичиг байгуулж буй нь газрын тосны нийлүүлэлтийн нэмэлт эх үүсвэр бий болгож буйгаараа нэн ач холбогдолтой үйл явдал болж байна. 


Монгол Улс газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүний хэрэгцээгээ өнөөг хүртэл 100 хувь гадаадаас импортолж хангасаар байна. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдэх хувийг урд хөрш БНХАУ бүрдүүлдэг юм. Иймээс ч гуравдагч улсаас с газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүн авахаар болж буй нь стратегийн ач холбогдолтой гэдгийг дахин дурьдах нь зөв болов уу?



Б.Балжир