4-р сарын 21-ний үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд албан ёсны айлчлал хийж буй Мозамбикийн Ерөнхийлөгч Даниел Франсиско Чапотой уулзалт хийлээ. Хоёр орны төрийн тэргүүн хоёр улсын харилцааг шинэ эрин дэх Хятад, Мозамбикийн хувь заяаны цогц нэгдэл болгон шат ахиулахаар санал нэгдэв.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Хятад, Мозамбикийн уламжлалт найрамдал нь түүхийг туулж, уул ус даван хөгжиж ирсэн. Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш харилцан итгэлцэж, бие биеэ дэмжсээр ирсэн нь Хятад-Африкийн найрамдал, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон. Шинэ нөхцөл байдалд Хятад, Мозамбикийн найрамдалт хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх нь хоёр орны ард түмний нийтлэг хүлээлтэд нийцэхийн зэрэгцээ дэлхийн өмнөд бүсийн орнууд эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, сорилтуудыг хамтдаа даван туулах цаг үеийн чиг хандлагад бүрэн нийцэж байна. Хятадын улс Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүн болон 2026 оны “Хятад-Африкийн хүмүүнлэгийн солилцооны жил”-ийг хэрэгжүүлэхийг хөшүүрэг болгон, хоёр тал хамтдаа орчин үеийн хөгжлийн мөрөөдлөө биелүүлэхэд бэлэн байна гэж онцлов.
Ши Жиньпин цааш нь онцлохдоо, найрамдал, харилцан итгэлцэл нь Хятад, Мозамбикийн харилцааны тод шинж, улс төрийн давуу тал юм. Хоёр тал уламжлалаа дээдлэн, харилцан тус тусын үндсэн ашиг сонирхол, томоохон анхаарал татсан асуудлуудад тууштай бие биеэ дэмжиж, засгийн газар, улс төрийн нам, хууль тогтоох байгууллага, орон нутаг зэрэг бүхий л салбар, түвшний харилцаа, солилцоог эрчимжүүлж, төр улсаа засах туршлага солилцох ёстой. Хятад, Мозамбикийн эдийн засаг харилцан нөхөх шинжтэй, хамтын ажиллагааны ирээдүй өргөн байна. Энэ жил Хятадын “15 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний эхлэл жил бөгөөд Хятад улс хөгжлийн стратегиа уялдуулан холбож, хамтын ажиллагааны шинэ загвар нээж, дэд бүтэц, эрчим хүч, ашигт малтмалын нэгдсэн хөгжлийн хамтын ажиллагааны шинэ замыг эрэлхийлж, хөдөө аж ахуй, шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан зэрэг салбарт хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүдийг идэвхтэй бий болгож, хоёр улсын бодит хамтын ажиллагааг өндөр чанартай, тогтвортой хөгжүүлэхэд түлхэц өгөхөд бэлэн байна. Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, хувьсамтгай байгаа энэ үед хоёр тал НҮБ зэрэг байгууллагын хүрээнд уялдаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, эв санаагаа нэгтгэн, тэгш эрхтэй, дэг журамтай олон туйлт дэлхий, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг хамтран дэмжиж, олон улсын шударга ёс, тэгш байдлыг хамтдаа хамгаалах хэрэгтэй гэж онцлов.
Даниел Франсиско Чапо хэлэхдээ, энэ онд Африкийн орноос Хятад улсад анхны төрийн айлчлал хийж буй төрийн тэргүүн болсондоо баяртай байна. Энэ нь хоёр орны найрсаг харилцаа, ахан дүүсийн холбоог илтгэж, Мозамбикийн ард түмний хувьд чухал ач холбогдолтой хэмээн тэмдэглэв. Тэрбээр, Ши Жиньпин даргын манлайлал дор Хятад улс дэлхий нийтийн анхаарлыг татсан хөгжлийн амжилт гаргаж, дэлхийн өмнөд бүсийн орнуудад үлгэр жишээ болж байгаад баяр хүргэлээ. Хятад улс бол Мозамбикийн жинхэнэ анд нөхөр бөгөөд Мозамбик талд үргэлж харамгүй дэмжлэг, туслалцаа үзүүлсээр ирсэн. Мозамбик Хятад улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд нэг Хятад гэсэн зарчмыг ямар ч болзолгүй чанд мөрдөж, Хятадыг улсын нэгдлээ биелүүлэхийг дэмжиж байна. Мозамбик тал Хятадын талтай харилцан хүндлэл, харилцан итгэлцлийн үндсэн дээр эв нэгдэл, найрамдлаа гүнзгийрүүлж, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, шинэ эрин дэх Мозамбик, Хятад улсын хувь заяаны цогц нэгдлийг хамтран байгуулах шинэ хуудсыг нээхэд бэлэн байна. Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэх, Хятадын Африкын орнуудтай байгуулсан дипломат харилцаатай улсуудад гаалийн татваргүй бодлого хэрэгжүүлэх нь Африкийн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал дэмжлэг үзүүлнэ. Африкийн орнуудыг дэмжиж ирсэн Хятад улсад талархаж байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл, Дэлхийн хөгжлийн, Дэлхийн аюулгүй байдлын, Дэлхийн соёл иргэншлийн болон “Бүс ба зам”-ын санаачилгууд нь дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Мозамбик тал Хятадын талтай хамтран эдгээрийг хэрэгжүүлж, дэлхийг илүү сайхан болгохын төлөө зүтгэхэд бэлэн байна гэлээ.
Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн “Бүс ба зам”-ыг хамтран бүтээх, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлэх, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн солилцоо, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хамтран ажиллах 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурах ёслолд хамтдаа гэрч болов.
Г.Бямба
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл0