sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /Reuters/. АНУ-ын зэвсэгт хүчин Ирантай хийж буй дайны улмаас пуужингийн довтолгооноос хамгаалах гол системээ Өмнөд Солонгосоос Ойрх Дорнод руу шилжүүлэн байрлуулаагүй гэж Өмнөд Солонгос дахь АНУ-ын зэвсэгт хүчний командлагч Хавьер Брансон мягмар гарагт мэдэгджээ.


АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD систем нь баллистик пуужинг агаар мандлын дээд давхаргад замаас нь амдан сөнөөх зориулалттай бөгөөд цөмийн зэвсэгтэй Умард Солонгосоос учирч болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор Өмнөд Солонгост байрлуулжээ.


Х.Брансон хэлэхдээ “Бид THAAD системийг шилжүүлэн байрлуулаагүй, тиймээс уг систем Солонгосын хойгт байрласан хэвээр байгаа Харин зэвсэг хэрэгслийг урагш илгээхээр бэлтгэж байгаа бөгөөд тэдгээрийг тээвэрлэхэд бэлэн болоод байна” гэжээ. Өнгөрсөн гуравдугаар сард зэвсэг техникүүдийг шилжүүлэн байрлуулсан тухай мэдээлэл гарсны дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён мэдэгдэхдээ, Вашингтон зэвсэглэлээ хойгоос шилжүүлэн байрлуулсан тохиолдолд Сөүл Умард Солонгосоос учирч болзошгүй аливаа аюул заналыг тогтоон барих чадвартай гэж онцлон тэмдэглэж байсан юм.




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг