САН-САЛЬВАДОР, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /Reuters/. “MS-13” нэрээрээ зартай “Мара Сальватруча” гэдэг гэмт бүлэглэлийн 400 гаруй гишүүнийг бөөнөөр нь шүүх ажиллагаа Эль-Сальвадорт мягмар гарагт эхэлжээ. Тэднийг 2012-2022 оны хооронд үйлдсэн 47 мянга гаруй гэмт хэрэгт буруутгаж байгаа аж.
Прокурорын байгууллагын мэдээлснээр, нийт 486 яллагдагчийг хүн амины хэрэг, охид, эмэгтэйчүүдийн амийг санаатайгаар бүрэлгэх, дарамтлан мөнгө нэхэх, хууль бусаар зэвсэг наймаалах, мөн хүмүүсийг хүч хэрэглэн сураггүй болгох зэрэг гэмт хэргүүдийг зохион байгуулсан гэж үзэж байна.
Мөн газар нутгуудад хяналтаа тогтоох замаар "зэрэгцээ засаглал" тогтоохыг оролдсон хэмээн бослого гаргасан хэрэгт буруутгажээ. Ерөнхий прокурорын газраас үйлдсэн гэмт хэрэг тус бүрээр нь хамгийн дээд хэмжээний хорих ял оноохыг шүүхээс хүссэн байна. Хэрэв бүх зүйл ангиар гэм буруутай нь тогтоогдвол нэг шүүдэгч 245 хүртэлх жил хоригдох ял авч магадгүй байна.
Эрх баригчдын мэдээлснээр, энэ хэрэгт 2022 оны гуравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд 86 хүнийг бүрэлгэх тушаал өгсөн хэрэг багтаж байгаа аж. Уг гурван өдөр нь Эль-Сальвадорын иргэний дайнаас хойших хамгийн их цус урсгасан амралтын өдрүүдэд тооцогддог.
Дээрх хэргийн дараа онц байдал зарлаж, аюулгүй байдлын хүчнийхэн 91 500 гаруй хүнийг баривчилжээ. Эль-Сальвадорын Ерөнхийлөгч Найиб Букелегийн засгийн газраас мэдээлснээр, эрс шийдэмгий арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2022 онд 100 мянган хүн тутамд 7.8 байсан хүн амины хэрэг 2025 онд 1.3 болж эрс буурсан байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл0