
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 16 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа дахин 36 улсын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглох асуудлыг хэлэлцэж байгаа тухай Төрийн департаментын мэдээллийг эш татан Ройтерс агентлаг уламжилжээ.
Д.Трамп энэ сарын эхээр 12 орны иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон тунхагт гарын үсэг зурж, АНУ-ыг “гадаадын террорист этгээдүүд” болон үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй бусад аюулаас хамгаалахын тулд ийм алхам хийх шаардлагатай хэмээн мэдэгдсэн юм.
Энэхүү шийдвэр нь Д.Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа эхлүүлсэн хууль бус цагаачлалтай тэмцэх бодлогынх нь нэг хэсэг бөгөөд уг бодлогын хүрээнд гэмт бүлэглэлийн гишүүн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа олон зуун венесуэлчүүдийг Эль Сальвадор руу албадан гаргах, мөн гадаадын зарим оюутныг Америкийн их дээд сургуулиудад элсүүлэхийг хориглох, заримыг нь албадан гаргахаар төлөвлөжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио гарын үсэг зурсан дотоод дипломат захидалд Төрийн департамент иргэдийг нь нэвтрэхийг хориглохоор хэлэлцэж буй улс орнуудтай холбоотой олон арван асуудлыг тодорхойлж, засаж залруулахыг шаарджээ.
Ингэхдээ тогтоосон шалгуур, шаардлагыг 60 хоногийн дотор хангаагүй тохиолдолд нэвтрэхийг бүрэн эсвэл хэсэгчлэн хориглохыг санал болгож болзошгүй 36 улсыг жагсаасан байна. Бүрэн эсвэл хэсэгчлэн хориг тавих магадлатай улсуудад Ангол, Антигуа ба Барбуда, Бенин, Бутан, Буркина Фасо, Кабо-Верде, Камбож, Камерун, Кот-Д'Ивуар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Жибути, Доминик, Этиоп, Египет, Габон, Гамби, Гана, Киргиз, Либери, Малави, Мавритани, Нигери, Нижер, Сент-Китс ба Невис, Сент Люсиа, Сан-Томе ба Принсипи, Сенегал, Өмнөд Судан, Сири, Танзани, Тонга, Тувалу, Уганда, Вануату, Замби, Зимбабве оржээ. Өмнө нь Афганистан, Мьянмар, Чад, Бүгд Найрамдах Конго Улс, Экваторын Гвиней, Эритрей, Хаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен улсуудын иргэдийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон билээ. Мөн Бурунди, Куба, Лаос, Сьерра-Леон, Того, Туркменистан, Венесуэл зэрэг долоон орны иргэдэд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоожээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0