sonin.mn

Ираны дээд удирдагч Аятолла Али Хамней АНУ-ын Ираны цөмийн байгууламжуудад өгсөн агаарын цохилт нь нөхцөл байдлыг өөрчилж чадаагүй, Ираны цөмийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа гэж мэдэгдэв. Тэрбээр Катар дахь Америкийн цэргийн бааз руу хариу цохилт өгсөн нь “хүнд цохилт” болсон гэж тодорхойлж, дахин довтолбол цаашид ч хариу арга хэмжээ авна гэж анхаарууллаа.


Харин АНУ-ын эрх баригчид уг ажиллагааг томоохон амжилт гэж үзэж байна. Батлан хамгаалахын сайд Пит Хегсет “Ираны цөмийн хөтөлбөрийг хэдэн жилээр ухраасан” гэж мэдэгдэв. Ялангуяа Фордо дахь байгууламжийг тусгай “бункер нэвт цохигч бөмбөгөөр” устгасан хэмээн онцолжээ. Гэсэн ч хүний амь эрсдээгүй бөгөөд Ерөнхийлөгч Трампын "байгууламжууд бүрэн устгагдсан" гэх мэдэгдэлд зарим эх сурвалж эргэлзэж байна.


Хамней долоо хоногийн чимээгүй байдлын дараа аюулгүй байранд байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн албаны хүмүүсийн мэдээлэлтэй зэрэгцэн, олон нийтийн өмнө гарч мэдэгдэл хийлээ. Тэрбээр Иран цөмийн зэвсэг бүтээх зорилго байхгүй гэж мэдэгдсэн бол Ираны парламент ОУ-ын цөмийн агентлагтай хамтран ажиллахаа зогсоох шийдвэр гаргав. Үүний үр дүнд цөмийн байгууламжуудад олон улсын хяналт тавих боломжгүй боллоо.


Үндэслэл ба нөхцөл байдал


Зөрчил зургаадугаар сарын 13-нд Израилийн Ерөнхий сайд Нетаньяахугийн “Иран цөмийн зэвсэг бүтээхэд тун ойрхон байна” гэсэн мэдэгдлээс эхэлсэн. АНУ уг мөргөлдөөнд удалгүй оролцож, Фордо, Натанз, Исфахан дахь байгууламжуудыг цохисон. Ерөнхийлөгч Трампын зуучлалаар Иран, Израилийн хооронд гал зогсоох тохиролцоо хийсэн бөгөөд энэ нь одоогоор хүчин төгөлдөр байна.


Хохирлын тоо


Ираны талын мэдээлснээр 12 хоног үргэлжилсэн агаарын довтолгооны улмаас 610 хүн амь үрэгдсэн, харин Израиль 28 хүний амь хохирсон гэж мэдээлжээ.


М.Гал


Эх сурвалж: BBC.com