
Монголын орчин үеийн хөгжмийн урлагт шинэ өнгө төрх, мэргэжлийн дуу хоолой, олон улсын стандарт, сэтгэлд хоногшсон аялгууг авчирсан домогт хамтлаг бол яахын аргагүй “Камертон”.
Энэ хамтлаг 1995 онд Хөгжим бүжгийн сургуулийн ахлах ангийн сурагчийн мөрөөдлөөс эхлэлтэйгээр үүсгэн байгуулагдаж, өнөөг хүртэл уран бүтээлээ туурвиж, олон арван дуу нь хэд хэдэн үеийн залуусын сэтгэлд эгшиглэж явна. Өдгөө тэдний дууг хүүхдүүдйнх нь үеийнхэн хүртэл сонсож өсөж байгаа нь цөөн хамтлагт л тохиох хувь заяа. Мөн "Камертон" нь "MTV" хөгжмийн сувгаар ярилцлагад оролцон, уран бүтээлээ цацаж байсан Монголын цорын ганц хамтлаг.
Тэгвэл 30 шахам жил Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан тэдэнд төр, засаг талархлаа илэрхийлэх цаг нь нэгэнт болсон биш үү?
“18 нас”, “Хайрлая чамайгаа”, “Амин нутаг”, "Явах цаг боллоо", " Хүсэл хясал" гэх зэрэг дууны мөрүүд Монголчуудын чихэнд хоногшиж, дурсамжтай мөчүүдийг нь хөглөдөг. "Камертон" бол 90-ээд оноос хойшхи поп хөгжмийн түүхийн салшгүй хэсэг.
Тэд Монголын анхны бой-бэндийн соёл, сонгодог поп чиглэлийн үндэс суурийг тавьж, залуу үеийн хөгжмийн сонирхол, амт мэдрэмжийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Ялангуяа тухайн цаг үед хөгжмийн продакшн, дуу бичлэгийн студи, маркетингийн ойлголт хомс байхад өөрсдийн авьяас, зүтгэлээрээ ард түмний зүрх сэтгэлд хүрсэн нь тэднийг жинхэнэ "гавьяатан" гэдгийг илтгэнэ.
"Камертон" хамтлагийн бас нэг хамгийн үнэ цэнэтэй чанар бол уран бүтээлдээ үнэнч байж чанартай дуу хөгжим туурвисаар ирсэн явдал. Тэдний уран бүтээлүүд нь хоосон хэлбэрээс ангид бөгөөд сонсогчдод утга агуулга, уянгын гүн сэтгэл дамжуулдаг.
Сүүлийн жилүүдэд ч шинэ уран бүтээлүүдээ гаргасаар байгаа нь тэднийг зүгээр нэг “хуучны алдартнууд” бус, өнөө цагийн ч уран бүтээлчид гэдгийг нотолдог.
Өдгөө манай улсад олон уран бүтээлчид Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнагддаг. Зарим нь 10 хүрэхгүй жил уран бүтээл туурвисан ч төрийн өндөр шагнал хүртэж байгаа. Харин 30 жилийн турш залуусын хайр хүндэтгэлийг хүлээсэн, орчин цагийн соёлын үнэт өвийг бүтээсэн "Камертон" хамтлагийнхан өнөө хэр нь гавьяат цолгүй яваа нь олон нийтийн гайхшралыг төрүүлдэг.
Энэ бол зүгээр нэг "од" байсан хүмүүсийн тухай асуудал биш. Энэ бол Монголын орчин үеийн соёл, залуу үеийн үзэл бодол, урлагийн хөгжилд үлдээсэн жинтэй өвийн тухай яриа юм.
Тэд зүгээр нэг дуулаагүй — тэд бүтээсэн. Тэд зүгээр нэг нэр алдарт хүрээгүй — тэд соёл бий болгосон.
Камертон хамтлагийн 30 жилийн хөдөлмөр, тууштай уран бүтээлч замнал, Монголын залуусын хөгжмийн сэтгэлгээнд оруулсан хувь нэмрийг үнэлэх цаг нэгэнт болсон. Монгол төр урлагаа үнэлдэг, авьяастнуудаа дэмждэг гэвэл, энэ хамтлагийн гавьяаг хойш тавих шалтгаан үлдэхгүй.
Тиймээс олон мянган Монголчуудын сэтгэлийн үг болж буй асуултыг дахин давтая:
" Камертон" хамтлагийнханд Монгол Улсын Гавьяат цол олгох болоогүй гэж үү?
Н.Отгончимэг
Сэтгэгдэл3
Shagnal shagnal geed yheldeed baih yum piddanuud
Нэг мөсөн Ардын жүжигчид болчих санаатайдагаа
ЗАЙЛ