sonin.mn

“Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа Монгол Улсын гавьяат багш М.Чимэддоржийг урьж, ярилцлаа. Тэрээр дунд сургуулийн математик, физикийн багшийн ажлаас амьдралын гараагаа эхэлж, сургуулийн захирал, боловсролын байгууллагын дарга, Боловсролын яаманд хэлтсийн дарга, үйлдвэрчний холбооны ерөнхийлөгчийн ажлыг эрхэлж төр, нийгмийн салбарт 40 орчим жил ажиллажээ.


Үүний зэрэгцээ “Монголын Эмнести интернэшнл” байгууллагыг үүсгэн байгуулж явсан түүх ч түүнийх.


АЛТАН УРГИЙН УГСАА ЗАЛГАМЖИЛСАН ТАЙЖИЙН УДАМ

 

Гавьяат багш М.Чимэддорж Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Буурын толгой хэмээх газар төржээ. Хүүхэд насаа эцэг эхдээ эрхэлж өнгөрүүлсэн тэрээр “Хөгширтлөө ээж, аавтайгаа байсан азтай хүн шүү, би” хэмээн ярилцлагын эхэнд тодотгов. Өлзийт сумын бага сургууль, Дундговь аймгийн төвийн 10 жилийн сургуулийг 1968 онд онц дүн, алтан медальтай төгссөн байна. Түүний аавыг Санжаажамцын Мишиг, ээжийг Лувсангийн Норжмоо гэнэ.


Аав Мишиг нь 1911 онд Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт төрсөн. Ээжийнхээ нь захиас ёсоор долоон настайдаа нутгийн ах ламд шавь орж, дараа нь Нийслэл хүрээнд ирж Их гандангийн Дашчоймболын дацанд унзад лам болтлоо ахисан хүн. 1937 онд гандан хаагдаж, нутаг руугаа эцгийн захиасаар хоёр сумын зааг дагуу амьдарч байгаад 1942 онд ханьтайгаа гэр бүл болон Дундговийн Өлзийт суманд харъяалагдах болсон ажээ. Ийнхүү Мишигийн хүү болон мэндэлсэн Чимэддорж “Миний өвөг эцэг Хошуу ноёны туслах Лагнаадоржийн 16 хүүхдийн найм дахь нь.


Лагнаадоржийн Санжаажамц гэж Алтан ургийн угсаа залгамжилсан тайж, 29 дэх үеийн хошууны мэйрэн байсан. Өвөг эцэг маань XV жарны 22 дахь оны, Шар хулгана жил 1888 онд Түшээт хан аймгийн Эйтэй бээлийн хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг Шинэ гүнд Хошуу ноёны туслах тайж Б.Лагнаадоржийн найм дахь хүү болон төрсөн. Бичиг соёлын сайн боловсролтой, олон талын авьяастай, зохион байгуулах өндөр чадвартай байсны хувьд нам, төрөөс чухал алба эрхлүүлж, 1905 оноос хошуу тамгын газар жанжин жасаанд түшмэлийн хөтөч, хавсарсан бичээч, туслах бичээч, хошууны мэйрэн, Баруун өмнө болон баруун хойд хязгаарыг тохинуулах сайдын яаманд түшмэл бичээчийн алба хаасан байдаг гэдэг” хэмээн удам угсаагаа бидэнд тайлбарлав.


Л.САНЖААЖАМЦ ТАЙЖИЙН ТҮҮХИЙН ЭРЭЛД...


Лагнаадоржийн Санжаажамц


М.Чимэддорж багш өвөг дээдсийнхээ үнэн түүхийн эрлээс олон баримт цуглуулснаа үзүүлэв. Түүний өвөг эцэг Л.Санжаажамц тайж 1924 онд МАХН-ын гишүүнээр элсжээ. 1922-1924 онд Дотоод явдлын яамны түшмэл, 1924-1927 онд Богд хан уулын аймгийн яамны дарга, 1927 онд Богд хан уулын аймгийн даргаар Улсын дөрөвдүгээр Их хурлаас хоёр дахь удаагаа сонгогджээ. Тэр үеийн их хуралд 33 хүн оролцож, Л.Санжаажамцийг 100 хувийн саналаар баталж байсан бүртгэл, анкет нь одоо Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа. Төр, олон нийтийн зүтгэлтэн Л.Санжаажамц 1938 онд улс төрийн хэргээр баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 16 тоот тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн байдаг.


МУИС-ийн багш, шатар судлаач С.Чимэдцэрэнгийн НАХЯ-ны архивын баримтаас авч бичсэнээр, энэ өдөр 1148 хүнийг байцаахаар байснаас 840 гаруйг байцааж ял тулган зуруулсны дотор Японы тагнуул хэмээн зохиомлоор хилс ял тулгаж, прокурорын хяналтгүй, ямар ч өмгөөлөл авах эрхгүйгээр тарчлаан зовоосон хүмүүсийн дотор Л.Санжаажамц гэж орсон ба “С” үсэг тавиад цааш нь гарын үсгээ бүтэн зурж чадаагүй баримт хадгалагдаж байдаг гэнэ. Улмаар түүний өвөг эцгийг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын тогтоолоор үйлдсэн гэх хэрэг нь хилс байсан тул хувьсгалын эсэргүү хэргийн холбогдлоос цагаатгасан архивын баримт болон цагаатгалын үнэмлэх хүүхдүүдэд нь хожим олгогджээ. Энэхүү цагаатгалын тогтоол одоо М.Чимэддорж багшид хадгалагдаж байна.


Тэрээр “Тэр үе бол авьяас билэг төгөлдөр, боловсрол, мэдлэгтэй сэхээтнүүдэд, мөн алтан ургийн тайж язгуур угсааны хүмүүст бүр ч халтай байсан үе. Энэ явдлын бараан сүүдэр улс орны нийгэм, эдийн засаг, батлан хамгаалахын хүч чадал, нийгмийн бүтээн байгуулалт, намын нэр хүндэд ноцтой хор хохирол учруулсан төдийгүй хэлмэгдэгсдийн эцэг эх, эхнэр, хүүхдэд, ойр дотнын хүмүүст эмгэнэлт уршиг тарьж монгол улсын түүхэнд гай гамшигт хар мөр үлдээсэн юм.



Миний өвөө сүүдэрт он жилүүдийн хэлмэгдлийн шуурганд өртсөн ч төр, нийгэм, ард түмэндээ үнэнчээр зүтгэж явсны хувьд зуугийн талыг насалж оюун ухааны ид бялд суусан, ажлын туршлагатай болсон үедээ тэнгэрт хальсан ч шударга үнэн ялж алдар нь мөнхөрсөн хувьтай.



Миний өвөөгийн ээж хүүгээ санахын эрхээр унаж гарсан мориных нь мөрийг чулуугаар хашиж балран балартал нь эргэн эргэсээр байсан тухай нутгийн хүмүүс ярьдаг байсан. Мөн өвөө минь бага наснаасаа шатар сонирхож, шатрын урлагийг нэлээд сайн эзэмшсэн төдийгүй эх орондоо шатрын урлагийг хөгжүүлэх хэрэгт зүтгэж явсан гавьяатай” гэлээ. Түүхийн баримтад Л.Санжаажамц бол гарамгай шатарчин, нийтийн шатрыг Монголд сурталчлан дэлгэрүүлэгч, шатар судлаач, шатрын бодлого, этюд зохиогч, шатрын композицыг хөгжүүлэх үндсийг тавигч, шатрын анхны сурах бичиг зохиогч, Олон улсын тэмцээнд Монголоос анхны оролцогч, Монголын шатрын клубыг анх байгуулагч, шатрын холбооны анхны дарга хэмээн тэмдэглэжээ. 


ТӨРЖ ӨССӨН ГОВЬ НУТАГТАА ХАЙРТАЙ

 

М.Чимэддорж багшийг сургуульд орох жил буюу 1956 онд Дундговь аймагт ган гачиг нүүрлэж үүний улмаас олон хүүхэд сургуулиас завсарджээ. Тэрээр тэр жил найман нас арай хүрээгүй байсан болохоор малаа маллаад нэг жилдээ сургуулиа өнжиж. Дараа жил нь бас л Өлзийт сум нь нүүжээ. Энэ нүүдэл тус сумын 33 дахь нүүдэл гэж учир мэдэх хүмүүс ярьж байсан гэдгийг хэллээ. Үүний улмаас М.Чимэддорж багш мөн л сургууль завсарджээ. Ингээд 1958 оны эхээр сум нь зэргэлдээх Хулд сумын Дэрт дээр Хулд сумтай нийлээд суурьшиж жил дөрөв илүү жил болж энэ дөрвөн жилд нь хоёр сумыг нийлсэн 40 хүүхэд нэг ангид сурч бага сургуулиа төгссөн. Тэдний нэг нь М.Чимэддорж багш юм. Тэрээр Хулд сумыг 1959 онд салгаад зүүн талын Буянт-Овоо сумтай 1960 онд нийлүүлж Өлзийт сум нэрээрээ явсан. Нэлээд хэдэн нэгдэл нийлж “Хоёрдугаар таван жил” нэгдэл үүссэн. Манайх олон тэмээтэй, азарга адуутай, 200 гаруй хонь ямаатай жирийн нэг хөдөөний айл. 


Ингээд 1958 оны зун манайх араг бүх малаа нэгдэлд өгөөд гурван морь, цөөн тооны тэмээ, хэдхэн хонь ямаа үлдээгээд сумын төвд орж буусан. Түүний өмнөхөн нь дөрвөн тэмээ аргал сургууль дээр буулгаж намайг сургуульд бүртгүүлж байлаа. Би долоон настайгаасаа 14 нас хүртлээ наадмын морь унасан. Зундаа нэгдлийн олон адуутай айлд очиж найзтайгаа адуу маллаж, унал татаж, хонь ямаа хариулж, бог мал холбож сааж сүүний фермд сүү тушаах, бас морь барьж уяж хоноод өглөө эрт үүр шөнөөр адуунд явж нар гарахад зэлэн дээр адуугаа хурааж ирэх гэж яарна. Ухаандаа эр хүн болж байгаа нь тэр.



“Би угаасаа ажил голдоггүй, хар бор ажлыг сайн хийдэг хүүхэд байлаа” гэж суугаа энэ эрхэм хүүхэд байхдаа хөдөлгөөнтэй хөдөлмөрч байсан нь хожмоо тун хэрэг болсон гэнэ.



Хамгийн анх Монголын пионер сурагчдын анхдугаар олимпиадад сагсан бөм­бөгөөр шалгаран оролцож улсад баг нь дөрөвдүгээр байранд оржээ. Долоо­дугаар ангиасаа аймгийнхаа насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн шигшээ багт хэдэн жил тоглож нэгдүгээр зэрэгтэй тамирчин болжээ. Мөн зургаадугаар ангид байхаасаа волейболын алдарт дасгалжуулагч анхны гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн анхны шавь нарын нэг болж Монголын пионер сурагчдын хоёрдугаар спартакиадад оролцсоноос хойш улс, аймгийн чанартай олон тэм­цээнд оролцсон. Хожим нь волейболын спортын мастер болжээ. Тэрээр “Би төрж өссөн говь нутагтаа хайртай, зэрэглээ татсан газар орон, таанын үнэр сэнгэнэсэн тал нутаг, говийн ухаа толгод, гүн худгийн дэр, шавартай тойром, дэрс сондуул нь шигсэн хонхо­рууд, загтай нүд алдам хөндий миний сэтгэлийн толь, орхиж боломгүй нутаг орон доо” хэмээн ярьж сууна. 


“Эхээс наймуулаа. Гэхдээ ах эгч хоёр маань багадаа өнгөрч, миний дээдэх эгчийг хүнд өргүүлснээр би төрсөн гэртээ тогтсон юм гэдэг” хэмээн бага насаа дурсана. Арга дом хэрэглэн хүүгээ тогтоосон ажаа, ижий хоёр нь хар нялхаас нь хүзүүгээр нь нарийн төмөр утсан гинжээр гогцоолдож амыг нь жижиг цоожоор цоожилж байсан гэдэг. “Тэр хүзүүний хар төмөр гинж нь одоо ч надад хадгалагдаж байдаг. Бас нэг сонин нь намайг багад хийж өмсүүлсэн баривч-хөх торгон дээл нь урагдаад хөвөн нь цуваад хаяхаар болсон байхад нь нялх үрээ хөөрхөн, сайхан хувцастай харагдуулж болохгүй эрлэг шохоорхож танина хэмээн зориуд байлгаж байсан байдаг. Тэр баривчийг нь аав, ижий хоёр маань хадгалж байгаад намайг 45 хүрэхэд гаргаж өгсөн нь одоо ч надад бий” гэлээ.


Миний эцэг талын ах дүү нар мянга шахам өрхийн 5000 гаруй хүн бий. Эх талынх хоёр зуу шахам өрхийн зургаан зуугаад хүн бий. Яагаад энийг мэдэж байна вэ гэвэл би ах дүүсээ уриалаад, хаяг бүртгэл аваад, яриад, дуудаад 2017, 2018 онуудад эцэг талынхныг Өмнөговийн Манлай суманд, Эх талынхныг Дундговийн Өлзийт сумын Тагт баг дээр цуглуулсан юм. Ургийн ном гаргасан, дөрвөн өдөр учруулсан, уулзуулсан, танилцуулсан, баярлуулсан учраас хамгийн сайн мэдэх нь би болоод байгаа биз дээ Нэр нь зураг нь байгаа болохоос тэр бүрийг би танихгүй л дээ. Тэднээс нэлээд нь намайг таньдаг юм билээ хэмээн ураг төрөл, удам судраа таньж мэдэх их үйлсийг бүтээж буй эрхэм бол М.Чимэддорж багш билээ.


ОЮУТАН ЦАГИЙН НАМАР ХАМГИЙН САЙХАН

 

Түүний бага ангийн багш Д.Доржсүрэнхор түүнээс ямар мэргэжилтэй болохыг мөрөөдөж байна гэж асуужээ. Тэрээр тооны багш болъё гэж. УБДС-ийн ректор байсан эрдэмтэн Т.Балдан гуай нэгэн тэмцээн дээр түүнийг харснаа “Чи манай сургуульд ороорой. Дуртай үедээ над дээр очоорой” гээд нэрийг тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авчээ. Ингээд 1968 онд Улаанбаатар хотод МУИС-ийн физикийн анги таван жил, Улсын Багшийн Дээд сургуулийн математик-физикийн анги дөрвөн жил суралцах сонголт хийх хэрэгтэй болж.


“Оюутны намар сайхан шүү. Хөгжилтэй, бас дурсамж дүүрэн, инээд баясалтай сайхаан. Зун нь гэртээ очиж амарна, боломж гарвал бас жаахан ажил хийнэ. Биеэ чийрэгжүүлэх дасгал сургууль хийнэ. Хувцсаа янзлаад намар хот руугаа зорино доо” гэх зуураа тэр үед оюутнууд хичээлд заавал хослол өмсдөг, зангиа зүүдэг байлаа. Зун бас ганц нэг гоё өнгиин торгон зангиа өөрөө хийж авна. Ганцхан нейлон цагаан цамцтай, орой болгон угааж сэгсэрч тавина. Өглөө шинэ юм шиг д байдаг байлаа хэмээн оюутан цагийн дурсамжаа хуваалцав


Сургууль гэж сайн ном эрдэм, сайхан сэтгэл хоёртой ертөнцийн диваажин болдог тэр газраас хүн дайжихгүй нь лавтай. Багш хүн сайн шавиараа гоёдог. Ухаантай, ажилсаг, амжилт гаргасан, шударга сайн шавь нараараа тэрээр гоёдог тухайгаа бахархан ярьж байна. “Түүний багш нь би. тэр Миний шавь” гэхчилэн өөртэйгээ хамаатуулах дуртай байдаг нь багшиин буруу биш. Үнэхээр, далайд дусал нэмэр гэдэгчлэн эрдэм номтой, ухаалаг, ажилсаг, шудрага, манлайлагч шавийн сэтгэлд багшийн хэлсэн сургамжтай нэг өгүүлбэр, үлгэрлэмээр нэг ч гэсэн зүйл үлдсэн бол багш мартагдахгүй. Боловсрол гэдэг нь Хүний хөгжил, төлөвшлийг бүтээх, улмаар амьдралын чанарыг дээшлүүлэх үнэ цэнтэй хэрэгсэл, эрдэнэс болох нь ингээд л харагдаж байгаа юм. Боловсрол бол эрдэнэс. Түлхүүр нь хөдөлмөр ч гэж бас хэлдэг. Хүүхдийг бас хэт шүтээн болгож болохгүй. Том болоод тэд золиосонд илүү өртдөг болно, тиймээс хуга­цаагүй энэ их сургуульд уйгагүй сурал­цах хэрэгтэй болно. Өнөөгийн хүүх­дүүд бол хэнээс ч илүү шинийг мэдэрдэг гэлээ “Сургуульд багшилж, багш гэж дуудуулахыг би хувьдаа насны бахархал гэж үздэг. Одоогийн хүмүүс өөр болжээ, цалин мөнгө ахиуг нь бодохоос нийгэмдээ тус дэм үзүүлэх, хүн төлөвшүүлэхийг урьтал болгохоо байсан байна. Цалин бага ч энэ бол миний дуртай, сонирхолтой ажил” гэж байлаа.


ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖИЙГ СЭРГЭЭСЭН ОН ЖИЛҮҮД



М.Чимэддорж МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгчөөр ажиллахдаа хүний эрхийн асуудалд нэлээд гүнзгий орсон гэдэг. Үйлдвэрчний эвлэлийг зөвөөр удирдаж, олон түмний идэвхийг сэргээж, манлайлж ажиллаж чадах юм бол нийгмийн хөгжилд маш их тустай. 1993 онд түүнийг үйлдвэрчний эвлэлийн системд орж ажиллахад гишүүдийн итгэл ихээхэн суларсан, санхүүгийн бараг нөөцгүй болсон байсан үе. Хүмүүс хэрэгцээгээ хангахыг юуны өмнө шаардахаас биш нийтээрээ нэгдэж нэгэн санаа зорилгоор эрх ашгаа хамгаалж эв нэгдлээ бэхжүүлж, ардчилсан гэх зарчмаар ажиллаж ахиц дэвшил гаргаж хөдөлмөрлөх болон бусад эрхээ бүрэн хэрэгжүүлэх нь чухал гэдгийг ухаардаггүй шахуу байжээ. Тиймээс эрх чөлөөг нь зөв мэдрүүлэх, мэдлэгжүүлэх нь нь туйлын чухал байсан юм. Сургалтыг маш олон хэлбэрээр явуулж мэдээллээр сайн хангахыг их чухалчилж үр дүнд хүрч нэгдэн нийлсэн байгууллагаа өөрсдөө тэтгэх, сэргээж хамтаараа нэгдмэл байхын ач холбогдлыг мэдэрч эхэлсэн. Эхний үр дүн энэ байсан гэдэг. Монголдоо хамгийн олон хоног ажил хаялтыг 143 хоног зохион байгуулж, хуулийн дагуу эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж амжилтад хүрч болохыг мэдрүүлсэн. Багагүй амжилт ч гарч, итгэлийг нь сэргээсэн ажээ.


Монголд хүн бүр л хүний эрхийг ярьдаг, түүгээрээ хэрэгтэй хүн байна гэж харагдахыг хүсэж байна. Ер нь монголчууд эрхээр хэт хязгаарлагдсан гэхэд бас үнэмшилгүй. Дураараа авирлаж бусдын эрхийг зөрчдөг, өөгшүүлдэг болсон нь харамсалтай байдаг тухай тэрээр ярьж сууна. Хүний энэ насны амьдрал үнэхээр богинохон. 100 нас хүрдэг, тэгээд ухаан мэдрэл саруул, бие эрүүл хүн маш цөөн. Байгаль, бусад эд юмстай харьцуулахад 100 бол том тоо биш шүү дээ хэмээн бидэнд захисан юм. Тэрээр “80 шахам жилд хүн үнэхээр орчноосоо эхлээд олон юмыг хувьсан өөрчлөгдөхийг үзэж байна. Тэгвэл энэ цөөхөн насандаа үр бүтээлтэй амьдрах нь хүмүүний гол зорилго баймаар. Их баяжих гэсэн шунал ихтэй хүмүүсийг харахад улс орондоо юу бүтээгээд ингэж баян болох гээд байна гэж бодмоор санагддаг” гэсэн юм.


Ханьтайгаа 1971 онд гэрлэжээ. Түүний ханийг Х.Лхаасүрэн гэдэг. Нэг ангийн оюутан байж



Тэрээр ханьтайгаа 1971 онд гэрлэжээ. Түүний ханийг Х.Лхаасүрэн гэдэг. Нэг ангийн оюутан байж. Математик-физикийн багш мэргэжилтэй, улсын болон хувийн сургуульд багш, захирлын ажил эрхэлж байсан юм. 52 жил хамт амьдарсан хань нь 2023 онд хүнд өвчний учир бурхан болсон байна. М.Чимэддорж гуай хоёр хүүхэдтэй. Том нь Ч.Уянга. 1972 онд төрсөн. Эх барихын эмч. Зүү төөнүүр, бариа засал, компьютер оношилгоогоор мэргэшсэн эмч.


Бага хүү Ч. Санчир нь 1975 онд төрсөн. Хоол үйлдвэрлэл, үйлчил­гээний технологич инженер-тогооч мэргэжилтэй. “Бизнесийн удирдлагын магистр”, Дэлхийн тогооч нарын Хол­бооны Хоол үйлдвэрлэлийн Олон улсын шүүгч, Олон улсын хоол үйлд­вэр­лэлийн “Дэлхийн мастер тогооч” цол (World Master Chefs Society) Монгол Улсын Мастер тогооч цолтой. Одоо Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын Мэргэжлийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, “Дижитал Концепт” ХХК (GS-25) Хоол бэлтгэлийн үйлдвэрийн даргаар ажилладаг байна.


Хүн үглэж, сургамжлахад тун дургүй байдаг. Тиймээс хүүхдүүдэд сургамжлахыг хүсдэггүй эрхэм эргэцүүлж бодох, тунгаах орон зай үлдээхийг зөвлөсөн юм. Энэ бол эцэг эхчүүдэд өгч буй зөвлөгөө. Тэрээр “Хөгшин бид хоёр өөрсдөө алдаа эндэгдэлгүй, зөв хүн байхыг хичээдэг. Түүгээрээ дагуулж сургаж ирсэн болов уу. Ямар ч байсан миний хүүхдүүд худлаа хэлэхгүй. Хулгай хийхгүй. Хүнд хортой юм хийхгүй. Хариуцлага алдахгүй. Харин ч хүнд туслах, дэмжихийг хичээдэг хүмүүс” хэмээн үрсээрээ бахархаж сууна. “Эрүүл л байвал насны баяр даа” гэсээр биднийг үдсэн М.Чимэддорж гуайн амьдралын хүрд ийнхүү эргэж байна.


Хүн үглэж, сургамжлахад тун дургүй байдаг. Тиймээс хүүхдүүдэд сургамжлахыг хүсдэггүй эрхэм эргэцүүлж бодох, тунгаах орон зай үлдээхийг зөвлөсөн юм.

 


Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин