sonin.mn

Насан туршдаа, наад зах нь л 70-80 жил өдөр шөнөгүй, өглөө үдэшгүй ашиглаж байдаг, ердийн атлаа онцгой чухал зүйлс гэж байнаа! Тэр бүхнээс тэргүүн чухал нь эх хэл! Хутга, сэрээ, халбага, гутал, хувцас мэт нь дараа нь ордог ажээ. 


Эх хэлээ сайн эзэмшсэн хүн л энэ хорвоогийн бүх зүйлийг төгс сайн ойлгож, мөн бусдад төгс сайн дамжуулан хэлж чадна. Эх хэл нь хичнээн баялаг, хичнээн хурц тод, хичнээн оновчтой байна яг л тэр хэрээр тухайн хүний сэтгэн бодох чадвар төчнөөн төгс төгөлдөр байдаг. Хэлний чадвар, уураг тархины хөгжил, чадавх хоорондоо нягт холбоотой, гүн уялдаатай. Иймээс хүүхэд 10 нас хүртлээ эх хэлээ л сайн сурч, төгс эзэмших нь чухал. Насан туршдаа ашиглах ганц үнэт зүйл гэх утгаараа эх хэл бол хосгүй, ижилгүй. Ааваа, ээжээ, ах дүүгээ, найз нөхдөө, ахмад үеэ ойлгох, тэднээс суралцах, чин сэтгэлийг нь мэдрэх, тусгах ганц хэрэгсэл бол эх хэл маань юм. 


Аливаа бүхнийг эх хэлээрээ ойлгох нь хожуу сурсан гадаад хэлээр ойлгохоос хамаагүй их тод, гүнзгий, хурдан, хурц байдаг. Хүн эх хэлээрээ л сайн ойлгодог, сайн сэтгэдэг, санаагаа сайн дамжуулдаг. 



Гадаад хэл бол бусдын хэлсэн, бичсэнийг л ойлгох хэрэгсэл болдог. Хүн гомдоод уйлж байхдаа ч, баярлаад нулимс дуслуулахдаа ч эх хэлээрээ л сэтгэж, уярч, бас хөөрч байдаг. 



Өөрсдийн нь мэддэггүй хэлээр хүүхдүүд нь ярьдаг, хүүхдийн нь муухан мэддэг хэлээр эцэг эх нь ярьдаг, хүү охид нь өвөө, эмээтэйгээ ч сайн ойлголцдоггүй бол юу нь сайхан байх билээ? Өнөөдөр тун олон эцэг, эх эх хэлний талаар мөн ч том алдаа гаргаж, мөн ч муухай тэнэглэлд автаад байна. 


Нялх үрсээ эх хэлээрээ ярьж хэлд орохын ач холбогдлыг ойлгох хэмжээний мэдлэг, боловсролгүй эх, эцэг бол хүү, охидоо нэгэн насаар нь хорлож байгаа “богинохон ухаантнууд”, охорхон бодолтнууд юм. Эх хэлээрээ сонссон дуу, шүлэг, уншсан үлгэр, зүйр цэцэн үгс, тууж, роман, туульс хүнд яаж ойлгогддог, мэдрэгддэг, сэтгэлийн нь утсыг хэрхэн хөнддөг, яаж уярааж, доргиодог, хэрхэн сайн цээжлэгддэг, тогтоогддог болохыг ч охорхон бодолтнууд ойлгодоггүй ажээ... 


Тухай тухайн цаг үеийн амьд ярианы хэл, нийтэд хэвшсэн утга зохиолын хэл л хүн нэг бүрд чухал болохоос биш XIII зуунд өвөг дээдэс маань ямар үгсийг хэрхэн яаж дуудаж, хэрхэн яаж бичиж, чухам ямар үсэг, бичиг хэрэглэж байсан нь онцгой чухал биш юм. Хэл зохиол судлаачид, түүхчид цаг цагийн өвөг монгол хэлийг шинжилж, тайлж уншиж, хэрэглэж байсан үсэг бичгийг нь судалж л байгаа шүү дээ.



Харин өнөөдрийн 6 настай хүүдүүдэд уйгаржин монгол үсгээр энэ үгийг ингэж бичдэг, харин өөрөөр тэгж уншдаг гэж хоёрдуулж заах нь яг үнэндээ бол буруу, цөөн хэдэн нөхдийн хийрхэл юм.



Хэл шинжээч биш, хэлний багш биш, түүх судлаач биш хүмүүст орчин цагийн монгол хэл, амьд ярианы хэл, сурахад хялбар бичиг, үсэг л чухал шүү дээ! Өнөөдөр залуус кирилл, латин хоёр үсгээр л бичиж, харилцаж байна. Цаашдаа аль нь үлдэх, давамгайлахыг амьдрал, цаг хугацаа харуулна бизээ. Хэт үндсэрхэх, бодлогогүй хийрхэх, ирээдүйн шаардлага, бодит хандлагын эсрэг мугуйдлах нь цаг хугацааны шалгарлыг ч давахгүй, зөвхөн үргүй зардал, зохиомол бэрхшээлийг л үүддэг. Энэ бол түүхээс үлдсэн сургамж, хүн төрөлхтний олонхийн нь мэддэг, тооцдог болгоомжлол билээ. 


х          х          х


Хүүхэд нь гадаад хэлээр хэлд орж гэрийнхэнтэйгээ муухан ойлголцож байгаа бол цааш цаашдаа дандаа л муу үр дагавар гарна. Төрөлх хэлний хувьд “өөх ч биш, булчирхай ч биш” гэдэг шиг болчих аваас хүүхдийн мэдрэлийн эсүүдийн хэвийн байдал ч алдагдах аюултай. Хүүхэд мөнхүү гадаад хэлээрээ багаахан орчинд, цөөхөн л хүүхэдтэй харьцна шүү дээ.


Судалгаа, ажиглалтаас үзэхэд гадаад хэл мэддэг, өндөр боловсролтой эцэг, эхүүд хүүхдээ монгол хэлээр л хэлд оруулахыг эрхэмлэж байна. Харин гадаад хэл мэддэггүй, муу мэддэг эцэг, эхүүд л хүүхдээ гадаад хэлээр хэлд орохыг нь өөгшүүлж, бүр чухалчилж байгаа ажээ. Хэл сураг гээд гар утсаар элдэв тоглоом, хүүхэлдэйн кино үзүүлж нялх үрсээ дэлгэцнээс хамааралтай болгочихсон эцэг, эхүүд ч цөөнгүй байна. 2-3 насанд нь хүүхдээрээ тоглочихож байгаа эцэг, эхийг хэн гэх вэ? “Ганзагын наймаачин байсан бүдүүлгүүд л тэгдэг юм” гэж нэг танил маань мэдэмхийрхсэн нь ортой ч байж мэдэх юм...


Эх хэлээ сайн сурсан, авиазүй, хэлзүй, өгүүлбэрзүйн зохих мэдлэгтэй хүн л гадаад хэлийг богино хугацаанд сайн сурдаг, цэвэр дууддаг, алдаагүй бичдэг нь үнэн болно.



Гадаад хэл сурахад оройтно гэж ер үгүй. 3-8 насандаа сурлаа гээд ашиг, тус ч тун бага.



Дунд сургуульд суралцаж байхдаа л сурах нь зөвд тооцогддог. Энэ бол сурган хүмүүжүүлэх ухаанаар сайшаагддаг байр суурь юм. 


Ярианы, бичгийн амьд хэл маань л чухал болохоос биш, бид монгол хэлээ ямар үсэг, бичгээр тэмдэглэж байгаа нь одоо ч, цааш хойшид ч чухалчлагдах зүйл ер биш болно. Энэнийг эцэст нь тэмдэглэж хэлье. Цагийн байдлаас шалтгаалан ямар ч бичиг, үсэг хэрэглэж болно. Дэлхий нийтээрээ л тэгж ирсэн түүхтэй.



Судлаач, профессор Д.Чулуунжав