sonin.mn

Нийслэлийн Засаг даргын дүүрэг, хороодын Засаг дарга нартай хийж буй гурав дахь уулзалт эхэллээ. Өмнө нь дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болон зургаадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд уг хэлэлцүүлэг болж, үүрэг даалгаврын хэрэгжилт болон хороодод хэрэгжиж буй төслүүдийн үр дүнг танилцуулсан юм.



Өнөөдрийн хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газраас нийслэлийг хэрхэн дэмжих, бодлогын түвшинд хэрхэн уялдаж ажиллах талаар чиглэл өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Монгол төрийг анхан шатанд төлөөлж, төр иргэнийг холбогч гүүр болж буй хороо, дүүргийн Засаг дарга нарт талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.



Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өмнөх хэлэлцүүлгээр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг дүгнэж, хороодод хэрэгжүүлэх шинэ хөтөлбөрүүдийг танилцууллаа.


Хотын дарга Х.Нямбаатар “Бид анх гурван сарын өмнө хотод тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, хийх ажлаа эрэмбэлэхээр уулзсан. Өнөөдөр нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх чиглэлд ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн, орц, гарц чөлөөлөх ажил үр дүнтэй болсон. Явган хүний зам шинэчлэх ажил эрчимтэй үргэлжилж байна.


Цаашид гэр хороолол, орон сууцны хотхон, хорооллуудад нийтийн авто зогсоол байгуулах ажлыг эрчимжүүлнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх ажлуудыг эхлүүлнэ. Ирэх жилүүдэд дүүргийн Засаг дарга нарын зарим чиг үүрэг тэр дундаа хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг хорооны Засаг дарга нарт шилжүүлнэ” гэдгийг онцоллоо.

Хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны Засаг дарга, удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож байна.