
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа цаатан хэмээх дахин давтагдашгүй өв соёлыг өвлөн тээгч Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын цаатан Б.Солонготой цөөн хором ярилцсанаа хүргэе.
-“Нүүдэлчин” дэлхийн соёлын наадамд хэддэх жилдээ оролцож байна вэ?
-Анхны жилээ “Нүүдэлчин” наадамд оролцож байна. Үнэхээр өргөн дэлгэр сайхан наадам болдог юм байна. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн өвлөн уламжлагчид оролцож нутгийнхаа уламжлалт, гар урлал, идээ, ахуй соёл зэргийг бие биедээ танилцуулж, сурталчилж байгаа нь үнэхээр сонирхолтой санагдлаа.
Бид зургаан цаатай ирсэн. Цаатныхаа ахуй соёлыг хүмүүст танилцуулсан Хүмүүс цааны тухай мөн бидний амьдардаг урцны талаар их сонирхож асууж байна.
-Тайгын гэргийн өглөө хэрхэн эхэлдэг талаар хуваалцаж болох уу?
-Өглөө босоод л цаагаа саана. Мяндаа саачхаад бүх цаагаа бэлчээрт гаргадаг. Тэгээд цааныхаа сүүгээ боловсруулж, ааруул хийдэг. Гэр бүлийнхээ хэрэглээнд тааруулан ааруулаа хийхээс гадна цагаан сараар таваглах ааруулаа бас бэлтгэнэ. Мөн сургуулийн хүүхдүүдээ өгч явуулдаг. Эмэгтэйчүүд нь гэрийн ажлаа хийж, эрчүүд нь цаандаа явна, гэрийн гадаах ажлуудаа амжуулна гээд эгэл жирийн нэг өдөр өнгөрдөг дөө.
-Цаатан хэмээх дахин давтагдашгүй өв соёлыг тээж яваа нь бахархалтай байдаг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Монгол Улсад маань ганцхан буй цаатан угсаатны нэг хэсэг гэдгээрээ бахархдаг. Өв уламжлалаа авч үлдэж байна гэдэг нь хамгийн сайхан нь.
Би чинь ухаан орсон цагаасаа л энэ сайхан өв соёл дунд өссөн. Миний амьдралын бүхий л цаг хугацаа цаатан хэмээх өв соёлтой салшгүй холбоотой. Өвөг, дээдэс, аав ээжээс минь уламжлан ирсэн өв соёлоо түгээн дэлгэрүүлж, өвлөн уламжлах ёстой гэж боддог.
Миний цаашдын зорилго ч гэсэн цаагаа өсгөн үржүүлж, үе хойчдоо өвлөн үлдээх. Цаатан болсон сонголт минь ч үүнтэй холбоотой. Сумандаа 12 дугаар ангиа төгсөөд малчин болж тайгадаа амьдарч байгаа. Манай аав маань 22 настайдаа, ээж 19 насандаа айлд айл болж байсан. Тэр үед одоогийнх шиг хөгжил байгаагүй. Өмсөх хувцастайгаа л нийлдэг байсан гэлцдэг юм. Аав, ээж хоёрт маань амьдралын хэцүү үеүд тохиож байсан ч гэсэн өдийг хүртэл биднийг юугаар ч дутаахгүй өсгөсөнд нь талархдаг.
-Миний амьдралын бүхий л цаг хугацаа цаатан хэмээх өв соёлтой салшгүй холбоотой гэлээ. Хүүхэд насныхаа сэтгэлд тод байдаг дурсамжаас хуваалцаж болох уу?
-Цаанаасаа л их унадаг байсан даа. Цааны төлний хоёр настайг тасбан нэрлэдэг. Тасбаныг бага насны хүүхэд сургадаг. Тэр үе хамгийн дурсамжтай, хөгжилтэй санагддаг. Цаа их онцлогтой амьтан, бидний сайн нөхөр. Хүйтний амьтан гэдгээрээ онцлог. Хүйтэнд туулах чадвар, амьдрах чадвар сайн. Өвөл тарга тэвээрэг хүчээ сайн авдаг. Ер нь тайгадаа байхдаа амар амгалан, тайвныг мэдэрдэг дээ.
Тайгад өвөлдөө -40 градус хүрдэг. Өвөл үстэй дах өмсөнө. Дасчихсан болохоор даардаггүй дээ.Тайгын амьдралыг хүмүүс их сонирхдог. Зун гадаад, дотоодын жуулчид цаа үзэх гэж их ирдэг.
-Цаатны амьдралд тулгамдаж буй гол асуудал юу байна вэ?
-Хээрийн амьтан. Цаа хамгаалагчид маань тусгайлан хамгаалдаг. Бас бэлчээр тулгамдсан асуудлын нэг болж байгаа. Бэлчээрийг сунгаад өгвөл гэж боддог доо. Бид хэсэг хэсгээрээ буудаг. Ээлжилж нүүнэ. Хоорондоо маш эвтэй. Цаатан хэмээх нэг том өв соёлыг тээж яваа учраас бидэнд танай, манай гэсэн зүйл байдаггүй.
П.Амгаланбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0