Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүдийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны 07 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо зохион байгуулсан Дэлхийн монголчуудын наадам амжилттай болсон талаар мэдээлэл авснаа хэлж, тус үйл ажиллагааны зохион байгуулалтад оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлэв.
Үндэсний өв, соёлын дархлаа болох баяр наадмыг хилийн чанадад Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулсанд тус байгууллагын төлөөлөл чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэхүү үйл ажиллагаа нь хилийн чанадад амьдарч буй монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэх, төр, иргэний харилцааг ойртуулах, улмаар эх орноо сурталчлан таниулахад чухал үйл ажиллагаа болсон гэдгийг тэмдэглэж байв.
Европ тивд 100 мянга гаруй монголчууд амьдарч байгаа бөгөөд тус тивд зохион байгуулсан Дэлхийн монголчуудын наадмыг гадаадын 15 орчим мянган иргэн үзэж сонирхсон хэмээн уулзалтад оролцогчид танилцуулав.
“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын төлөөлөл 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, Ерөнхийлөгчийн ивээл дор хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалтыг зохион байгуулах, хилийн чанад дахь монгол сургуулиудад нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн монголчуудын наадмыг дөрвөн тивд ээлжлэн зохион байгуулах зэрэг тодорхой асуудлуудаар санал, хүсэлт тавьж байсан нь өнөөдөр бүгд амжилттай хэрэгжиж байгаа талаар тэргүүн С.Цэрэндэмбэрэл товч танилцуулж, хилийн чанад дахь монголчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Мөн уулзалтын үеэр хилийн чанад дахь 300 мянган монгол иргэний эрх ашгийг хамгаалах, эх орондоо эргэн суурьших, хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын гадаад худалдааг өргөжүүлэхэд хилийн чанад дахь монгол иргэдийн нөөц, боломжийг ашиглах, хилийн чанадад өсөж, хүмүүжиж буй монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн чанадад амьдарч буй монгол иргэдэд халуун мэндчилгээг нь уламжлахыг хүсээд, дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл3
Энэ бол маш чухал Монгол гэрт өссөн, гэр бүлийн дулаан уур амьсгал нь амь нэг байхын тулгуур юм.Үүнийг уламжлал болгож,төр бодлогоор дэмжиж ажиллах нь эх орноо санагалзах, эх орондоо эргэн ирэх, Эх орондоо хайртай байх, Монголчууд эв эeтэй цул байхад чухал үүрэг рольтой байх болно.Цаашлаад Монгол залуучууд дэлхийн хэмжээний компаниудад ажиллаж байгаа учраас тэндээс хөрөнгө оруулалт татах, ноу хау эзэмшиж эх орондоо нутагшуулах ажлыг өргөн далайцтай явуулах нь Монгол улсын хөгжилд нэмэртэй байх болно.Энэ талын сан байгуулж дэмжиж ажиллах хэрэгтэй л гэж бодогдоно.

эднүүс төлөөлж чадахуу үнэн үүв ёолонгост хамгийн их байдаг тул тэд идэвхтэй байж төлөөллөө заавал оруулах хэрэгтэй эсвэл өөрсдөө тусдаа бх