sonin.mn

8-р сарын 28-нд АН-ын ҮБХ-ы, 8-р сарын 31-нд болох АН-ын их хурал болж, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэх гэж байна. Өөрөөр хэлбэл намын даргаа шинээр сонгоно гэсэн үг. Одоогийн байдлаар АН-ын даргад УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нар яригдаж байна. Эдгээрээс зарим нь АН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ шууд зарласан бол зарим нь битүүхэн бэлдэж буй гэх. Тэр бүү хэл миний санаачилсан хуулийг бусад нэр дэвшигчдээс дэмжихгүй бол би өөрөө нэр дэвшинэ гэсэн нь ч бий.


Хэнийг дэмжих нь АН-ын гишүүдийн эрх. Гэхдээ нэг зарчим бий. Элдэв харлуулалт, хов жив, пиар сурталчилгаанаас илүүтэй давын өмнө бодох зүйл бол хэн нь Ерөнхий сайд байж чадах вэ? гэдэг л асуудал юм.
Учир нь АН УИХ-ын 2028 оны сонгуульд ялалт байгуулбал намын дарга нь Ерөнхий Сайд болно.


Тэгвэл АН-ын даргад нэр дэвшигчдээс хэн нь Ерөнхий Сайд байж чадах вэ?


Боловсролын хувьд аваад үзье.


Б.Пүрэвдорж МУИС төгссөн, Англи хэлний орчуулагч. О.Цогтгэрэл ШУТИС-ийн КТМС төгссөн, эдийн засагч. О.Алтангэрэл МУИС төгссөн, хуульч бол Ж.Баярмаа Гадаад Хэлний Дээд сургууль төгссөн, Англи хэлний орчуулагч. Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу нарын хувьд дээд сургууль төгсөөгүй бөгөөд "Сэтгүүлч" коллеж ба Хэвлэлийн Хүрээлэнгийн нэг жилийн курс төгсчээ. 


Ажлын замналын хувьд Б.Пүрэвдоржийн хувьд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргаар ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон. О.Цогтгэрэлийн хувьд Монголын томоохон аж ахуйн нэгжийн нэг "ТЭСО" корпорацийг үүсгэн байгуулж, ажилласан. Мөн Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөхөөр гурван ажиллажээ. УИХ-д гурван удаа нэр дэвшиж, хоёр удаа сонгогдсон. УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хоёр дахь удаагаа ажиллаж байна. О.Алтангэрэл нь өмгөөлөгчөөр ажилласан олон жилийн туршлагатай ба мөн Х.Тэмүүжингийн үед Хууль Зүйн Яаманд газрын даргаар ажиллаж байжээ.

Ж.Баярмаа нь олон улсын байгууллага, төрийн байгууллагад ажиллаж байсан ба удирдах ажлын туршлага бага, голдуу судалгааны чиглэлд ажилласан байна.


Намд ажилласан туршлагын хувьд Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, О.Алтангэрэл нарын хувьд аймгийн намыг удирдаж байсан. О.Алтангэрэл 2024 онд аймагтаа ялалт байгуулсан бол Б.Пүрэвдорж 2024 онд мөн аймгийнхаа ИТХ-д АН-ыг амжилттай оролцуулжээ. О.Цогтгэрэлийн хувьд бол бүр гучин жил ув улаан байсан тойрогт хоёр дарааллан сонгогдсон бахдам амжилтыг бүтээсэн нэгэн. Ж.Баярмаагийн хувьд намдаа олон жил зүтгэж яваа тууштай нэгэн хэдий ч мөн л удирдах түвшинд ажиллаж үзээгүй буюу анхан, дунд шатандаа намын байгууллага удирдаж үзээгүй аж.


Эдийн засаг, аж ахуйн ажлын туршлагын хувьд О.Цогтгэрэл ганцаараа. Контент хийх ч гэсэн нэг төрлийн бизнес боловч яахан олон мянган ажилчидтай групп компанитай харьцуулж болох? Иймээс ч бусад нэр дэвшигчдэд энэ төрлийн туршлага бага.


АН-ын даргын сунгаа эхлээ ч үгүй байхад нэгнийгээ намнах явдал сошиалд дэгдээд байна. АН-ын гишүүд, дэмжигчдийн хувьд бол энэ буруу л зүйл. Энэ ч хэн нэгнийг дэмжсэн сурталчилгаа биш бодит баримтыг л цуглуулсан нийтлэл.

Дахин өгүүлэхэд АН-ын даргыг сонгоно гэдэг Монгол Улсын Ерөнхий Сайдыг сонгоно гэсэн үг.


Иймээс ч нийгэм, эдийн засгийн зэгсэн мэдлэг, боловсролтой, намынхаа дунд шатны байгууллагыг удирдаж үзсэн, анхан, дунд шатны гишүүдтэйгээ тулж ажиллаж байсан, тэднийхээ зовлон, жаргалыг мэддэг, УИХ-д ядаж нэгээс илүү сонгогдсон улс төрийн туршлагатай, гүйцэтгэх засаглалын түвшинд ямар нэг хэмжээгээр ажиллаж үзсэн, аж ахуй, бизнес, бүтээн байгуулалтын чиглэлээр бодитой ажил хийж байсан, Монголчуудынхаа ахуй амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийг тэлэх бодлого хэрэгжүүлж чадах, хамгийн гол нь эрх чөлөө, ардчиллыг тууштай баримталж чадах хүн л АН-ын дарга болох нь Монголчуудын ч эрх ашиг.


Энэ л зарчмыг үндэслэн чухам хэнийг намын даргаараа сонгохоо АН-ын мэргэн гишүүд өөрсдөө мэднэ биз ээ.



М.Гал