sonin.mn

Тавантолгойн нэг хэсэг Бор тээгийн ордод нүүрс баяжуулах үйлдвэр барих тендерт ялсан "Админерал" гэх компанийг Д.Амарбаясгалангийнх, Д.Амарбаясгалан Бортээгийн ордод эзэн суулаа, “Админерал”-ын хөрөнгө оруулагч болох БНХАУ талаас "Quzhou Longyuan Trading" Co.,Ltd, Хонг Конг талаас “Хонконг Руйшен Глобал Групп” компани Эрдэнэставантолгойгоос 46.7 мянган тонн нүүрс авсан, тэр бүү хэл АД минерал гэдэг нь Амарбаясгалан Дашзэгвэ минерал гэсэн утгатай мэдээллүүд хэвлэлээр гараад даруй хоёр, гурван жил өнгөрч байна.


Тэр бүү хэл 2023 оны 12-р сард болсон Нүүрсний сонсголд оролцох мэдэгдэх хуудсыг тухайн үед ЗГХЭГ-ийн дарга байсан Д.Амарбаясгаланд хүргүүлсэн ч "Орон нутагт томилолтоор оролцож байгаа учир өөрийн биеэр оролцох боломжгүй" гэсэн хариу өгсөн байдаг. Гэвч Д.Амарбаясгалантай холбоотой энэ ярианд хэн ч эцсийн хариулт өгөөгүй л байна.


Энэ оны 2-р сарын 21-нд УИХ-ын гишүүн, "Фенгшүй" гэх С.Ганбаатар ЭрдэнэсТавантолгойн уурхайд мэдээлэл хийн, "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “Админерал” ХХК-тай холбоотой гэж их ярьдаг. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ компанитай ямар ч холбоогүй юм билээ. Би өөрөө ажлын хэсгийн ахлагчийн хувьд бүх цаас бичиг баримтыг хоёр сар үзэж судалсан. Би 20 жил улс төрд явахдаа тооцоо судалгаа баримт, үндэслэл гаргалгаатай ярьдаг хүн.


Тэгэхээр энэ бүх цаас, цагаан дээр хараар бичсэн бүх тогтоол шийдвэрийг харахад энэ компани Д.Амаарбаясгаланд ямар ч хамаагүй, тэр хүн шүүх цагдаагаараа явж нэр төрөө сэргээлгэх хэрэгтэй. "хэмээн ярьсан байдаг. Гэвч улс төрд байр суурь муутай, нам нам дамжсан С.Ганбаатарын үгэнд итгэх хэцүү.


Угаасаа ч Д.Амарбаясгалан "Админерал"-тай холбоотой эсэхийг ч юм уу? ямар нэг эрх мэдэлтэн хууль зөрчсөн эсэхийг "Фенгшүй" тогтоочихдог ч юм биш. Иймээс Монголын ард түмний хамгийн том баялаг болсон уурхайн нэг хэсгийг Д.Амарбаясгалан хувийнх болгочихсон эсэхийг хуулийн байгууллага эцэслэн тогтоох ёстой! Хууль журмын дагуу шалгуулаад нэрээ цэвэрлэчихвэл УИХ-ын даргад өөрт нь ч хэрэгтэй. Иймээс ч Д.Амарбаясгалан УИХ-ын чуулганы индрээс хууль, шүүхийнхний эсрэг элдэв зүйл яриад байлгүй сайн дураараа хуулийн байгууллагад шалгуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.



Б.Намуунаа