sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 19 /AP/. Газын зурваст нэн даруй, бүрмөсөн гал зогсоож, барьцаанд байгаа хүмүүсийг суллахыг шаардан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс пүрэв гарагт гаргасан тогтоолд АНУ дахин хориг тавьж, уг баримт бичигт ХАМАС бүлэглэлийг хангалттай зэмлэн буруушаагаагүй гэж мэдэгджээ. 


Харин тус зөвлөлийн бусад 14 гишүүн улс Газын зурвас дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлыг “гамшгийн” хэмээн тодорхойлсон тогтоолыг дэмжиж, тус нутаг дэвсгэрт байгаа 2.1 сая палестинчуудад тусламж хүргэхэд тавьсан бүх хязгаарлалтаа цуцлахыг Израилын талд уриалсан байна. 


АНУ-ын бодлогын зөвлөх Морган Ортагус санал хураалтын өмнө мэдэгдэхдээ, АНУ энэ тогтоолыг эсэргүүцэж байгаа нь гайхах зүйл биш гэжээ. “Уг тогтоолд ХАМАС-ыг зэмлэн буруушаагаагүй, Израилын өөрийгөө хамгаалах эрхийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд ХАМАС-т ашигтай худал мэдээллийг хууль ёсных болгож байна” гэж тэрбээр хэлсэн байна. Ингэснээр Газын зурваст хоёр жил орчмын турш үргэлжилж буй дайны улмаас АНУ, Израилын дэлхийн тавцанд тусгаарлагдсан байдал улам тодорхой харагдлаа.


Дээрх санал хураалт нь АНУ-ын гол холбоотнууд Палестиныг хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн жил тутмын чуулганаас хэдхэн хоногийн өмнө болж байна.


Израил, АНУ-ын эрс эсэргүүцэж буй уг шийдвэр нь Д.Трампын засаг захиргаа болон Их Британи, Франц зэрэг холбоотнуудын хооронд хуваагдал үүсгэх бэлгэдлийн шинжтэй алхам юм.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг