sonin.mn

ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 22 /TASS/. Японы эрх баригч Либерал Ардчилсан намын /ЛАН/ даргын сонгууль өнөөдөр намын 900 мянга гаруй гишүүний санал хураалтаар эхэлж байна. Намын шинэ дарга 10 дугаар сарын 4-нд буюу ЛАН-аас парламентад сонгогдсон 295 гишүүн саналаа өгсний дараа тодорно. Намын даргын сонгуулийг хугацаанаас өмнө явуулж байна. Долоодугаар сарын 20-нд болсон парламентын дээд танхимын сонгуулиар ЛАН болон Комэйто намаас бүрдсэн эрх баригч эвсэл олонхын суудлаа алдсаны дараа улс төрийн тогтворгүй байдал үүсээд байв.


Ишибагийн хувьд дараалан хоёр дахь удаагаа томоохон ялагдал хүлээсэн юм. Эрх баригч эвсэл 2024 оны 10 дугаар сард болсон парламентын доод танхимд мөн олонхын суудлаа алдсан. ЛАН мөн Токиогийн хууль тогтоох хурлын сонгуульд ялагджээ.


Намын нөлөө бүхий зүлтгэлтнүүд болон намын залуучуудын жигүүр Ишибаг огцруулахыг дэмжсэн байна. Харин Ишиба улс төрийн эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд албан тушаалаасаа огцрох бодолгүй байгаагаа илэрхийлсээр байсан хэдий ч намын нөхдийнхөө шахалтаар сонгуульд ялагдсаны хариуцлагыг хүлээж, нам дотор хагарал үүсгэхгүйн тулд огцрох шийдвэр гаргаснаа есдүгээр сарын 7-нд зарласан юм. ЛАН-ын даргын суудлын төлөө Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Такаичи Санаэ, Ерөнхий сайд асан Коизүми Жүничирогийн хүү, Хөдөө аж ахуйн сайд Коизүми Шинжиро, одоогийн сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хаяши Ёшимаса, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Кобаяши Такаюки, ЛАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Мотэги Тошимицү нар өрсөлөж байна.


"Mainichi" сониноос олон нийтийн дунд хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээр, япончуудын дийлэнх нь Такаичи Санаэг (25%) Ерөнхий сайдын албан тушаалд хамгийн тохирох улстөрч гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.


Түүний дараа Коизүми Шинжиро (21%), Хаяши Ёшимаса (10%), Мотэги Тошимицү (3%) болон Кобаяши Такаюки (2%) жагссан байна. Харин "Jiji" агентлагийн явуулсан санал асуулгыг Коизүми итгэл төгс тэргүүлсэн бол Такаичи хоёрдугаарт бичигджээ. Японы Ерөнхий сайдыг парламентын гишүүд сонгодог тул олон нийтийн санал асуулга шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхгүй. 2024 оны намар болсон ээлжит бус сонгуулийг хүртэл ЛАН болон эрх баригч эвсэл дэх тус намын хамтрагч “Комэйто” нам доод танхимд олонхын суудлыг эзэлж байсан тул ЛАН-ын дарга бараг автоматаар Ерөнхий сайдаар сонгогддог байв. Харин одоо ЛАН болон “Комэйто” нам доод, дээд танхимд олонхын суудлаа алдсан бол сөрөг хүчний намууд хэд хэдэн асуудлаар санал зөрөлдсөний улмаас эвсэл байгуулж чадаагүй байна. ЛАН “Комэйто”-той хамт цөөнхийн засгийн газрыг бүрдүүлсэн хэдий ч парламентад шийдвэр гаргахдаа сөрөг хүчний жижиг намуудтай хэлэлцээ хийхээс аргагүй болжээ. Тиймээс ЛАН-ын дарга Ерөнхий сайдын суудалд гол нэр дэвшигчээр тооцогдсон хэвээр байна. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг