
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 22 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтийг үл харгалзан Баграм дахь нисэх хүчний баазыг Америкийн хяналтад буцаан өгөхгүй гэж “Талибан” хөдөлгөөн мэдэгджээ. Энэ талаарх албан ёсны мэдэгдлийг тус хөдөлгөөний төлөөлөгч Забихулла Мужахид ням гарагт өөрийн сошиал хаягт нийтэлсэн байна.
“Дохагийн хэлэлцээрийн дагуу (Афганистанд энх тайвныг сэргээн цоглоох тухай АНУ, “Талибан”-ы хооронд 2020 онд байгуулсан гэрээ) АНУ нь “Афганистаны газар нутгийн бүрэн бүтэн байдал, улс төрийн бие даасан байдлын эсрэг хүч хэрэглэхгүй, хүч хэрэглэхээр заналхийлэхгүй, мөн манай улсын дотоод хэрэгт оролцохгүй” байх үүрэг хүлээсэн гэдгийг сануулах нь зүйтэй” гэж уг мэдэгдэлд дурджээ.
Мөн “бүх улс оронтой харилцан ашигтай, нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байгааг” онцлоод АНУ "өнгөрсөн үеийн бүтэлгүй арга барилыг давтахын оронд бодитой, оновчтой бодлого баримтлах хэрэгтэй" гэж нэмж дурдсан байна. Афганистаны армийн Ерөнхий штабын дарга Кари Фасихуддин мөн мэдэгдэхдээ, эх орныхоо газар нутгаас сөөмийг ч өгөхгүй гэжээ.
Түүнийг уг албан тушаалд “Талибан” хөдөлгөөнөөс томилсон байна. Афганистаны Баграм хот дахь нисэх хүчний баазыг АНУ-ын хяналтад буцаан авах хүсэлтэй байгаагаа Д.Трамп өмнө нь мэдэгдсэн байна.
Уг баазыг эзлэхийн тулд Америкийн цэргийг оруулах эсэх талаар сэтгүүлч асуухад тэрбээр "Бид энэ талаар ярихгүй. Бид баазыг яаралтай буцааж авахыг хүсэж байгаа. Хэрэв тэд буцааж өгөхгүй бол та нар миний юу хийхийг мэдэх болно" гэж хариулжээ. Дараа нь Цагаан ордны тэргүүн “Truth Social” нийгмийн сүлжээндээ “Хэрэв Афганистан Баграм дахь нисэх хүчний баазыг АНУ-д буцаан өгөхгүй бол муу зүйл болно” гэж бичсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Шившигээ дэлгээд зугтаж зайлсан нь багадсан бололтой
Орон гаран Трампаас талибанууд өчүүхэн ч айхгүй ! Энэ байтугай өвгөнийг даваад цаана нь гарсан хүмүүс !