
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 26 /CNN/. Хөл бөмбөгийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ бэлгэдлийг пүрэв гарагт танилцуулсан нь тэмцээнийг зохион байгуулагч гурван улсыг төлөөлсөн Клатч хэмээх халзан бүргэд, Мейпл хандгай, Заю ирвэс байлаа.
Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ Ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдэхдээ, Мейпл, Заю, Клатч нар хөл бөмбөгийн ДАШТ шиг баяр баясгалан, эрч хүч, эв нэгдлээр дүүрэн байгааг онцолжээ. ФИФА-гаас мэдээлснээр, гурван бэлгэдэл нь улс тус бүрийн соёлын нэгээхэн хэсгийг илэрхийлж байгаа ажээ.
Тухайлбал, Мейпл хандгай нь Канадын бүх муж, нутаг дэвсгэрээр аялж, хүмүүстэй холбогдож, тус улсын баялаг соёлыг харуулахын тулд төрсөн гэж пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Харин Заю ирвэс Мексикийн өмнөд ширэнгэн ойгоос гаралтай бөгөөд тус улсын баялаг өвийг төлөөлөх ажээ. Ингэхдээ бүжиг, хоол хүнс, соёл уламжлалаар дамжуулан Мексикийн соёлыг танилцуулж, хил хязгаарыг дамнан хүмүүсийг хүсэл тэмүүллээр нь нэгтгэх гэнэ. Мөн Заю бол тамирчнаас илүүтэй Мексикийн зүрх сэтгэлийг бахархалтайгаар тээж яваа соёл, харилцааны бэлгэ тэмдэг юм.
Тэгвэл АНУ-ын дээгүүр дүүлэн нисэх Клатч бол соёл, тоглолт, хором мөч бүхнийг хил хязгааргүй сониуч зан, өөдрөг байдлаар илэрхийлнэ. Гурван бэлгэдэл нь мөн тус тусын үүрэг бүхий хөлбөмбөгчид юм.
Тодруулбал, Мейпл бол гурвалын хаалгач, Заю бол ер бусын авхаалж самбаатай довтлогч бол Клатч талбайн төв хэсгийг төлөөлөх ажээ. ФИФА-гийн мэдэгдэлд дурдсанаар, бэлгэдлүүд хамтдаа эв нэгдэл, олон талт байдал, гайхалтай тэмцээнийг зохион байгуулахын төлөөх хүсэл тэмүүллийг илэрхийлнэ. 2026 оны ДАШТ-ий нээлтийн тоглолт зургаадугаар сарын 11-нд Мехико хотын “Estadio Azteca” цэнгэлдэх хүрээлэнд болно. Харин шувтаргын тоглолт сар гаруйн дараа буюу долоодугаар сарын 19-нд Нью-Йорк хотын ойролцоох “MetLife” цэнгэлдэх хүрээлэнд болно. Финалын тоглолтын үеэр түүхэнд анх удаа завсарлагын шоу тоглолтыг толилуулна. Өмнө нь 32 шигшээ баг өрсөлддөг байсныг 48 болгон өргөжүүлсэн тэмцээний үеэр нийт 104 тоглолт болно.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0