sonin.mn

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, 1994 онд зохион байгуулагдсан анхны сумын заануудын барилдааны түрүү бөх Д.Мягмарсүрэнгийн нэрэмжит, Сумын цолтон залуу бөхчүүдийн намрын нээлт 127 дахь удаагийн барилдаанд 512 бөх уран мэх, хүч бяр, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-ний 311-р анги, "Бөхбилэгт" дэвжээний бөх, сумын заан Мөнхбатын Мандахбаяр түрүүлж, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, "Эв Монгол" клуб, "Загварлаг шоп" ХХК, "Дүнжингарав" дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Мөнхбаярын Өсөхбаяр үзүүрлэв. 


Дөрөвт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Очир Канад Хаусэ" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Г.Дашлхүмбэ, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, залуу бөх Э.Саруул-Эрдэнэ (улсын начин Э.Ванданцэрэнгийн төрсөн дүү) нар шалгарлаа. 


Наймд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын заан У.Буянтогтох, Увс аймгийн Цагаанхайрхан сумын заан А.Мягмарсүрэн, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын заан Х.Гасырбек, Өвөрхангай аймгийн Уянга сумын заан Л.Сандуй нар үлдэв. 


Бага шөвөгт сумын заан Н.Идэрбат, Б.Содномдаржаа, П.Наранбаатар, Э.Бямбаабаатар, Д.Дэлгэрдалай, Н.Отгонцоож, Д.Бямба-Эрдэнэ, сумйн начин Б.Хуншагай нар үлджээ. 

Монголын үндэсний бөхийн холбооноос Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, энэ цагийн манлай сумын заануудын нэг, “тэмээ өргөдөг” хэмээх Ш.Эрдэнэбаярт сумын баяр наадамд 10 удаа түрүүлсэн амжилтыг үнэлэн “ТАЛАРХАЛ” гардууллаа. Мөн сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог үнэнч үзэгчийн нэрэмжит Дайчин барилдааны шагналыг Ш.Эрдэнэбаяр заанд олгосон юм.