sonin.mn

БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 7 /DW/. Бирж дээрх нэг унц алтны үнэ (31.1 орчим грамм) дахин дээд үзүүлэлтэд хүрч өсжээ. Нью-Йоркийн хөрөнгийн биржийн даваа гаргийн арилжаа эхлэхэд нэг унц алтны үнэ 3886 гаруй ам.доллар байсан бол өдрийн дээд ханш 3969 ам.доллароос давсан байна.


Өнгөрсөн долоо хоногийн эхээр алтны үнэ гурван удаа түүхэн дээд хэмжээнд хүрч өсжээ. Сүүлийн ажлын таван өдөрт нэг унц алтны үнэ 3757 ам.доллараас 130 шахам ам.доллар буюу 3 гаруй хувиар өсөж, 3885 ам.долларт хүрсэн байна. 


Аравдугаар сарын 1-нд эхэлсэн шатдаун буюу төсөв батлагдаагүйн улмаас АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогссон нь алтны үнэ өсөхөд ихээхэн нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Засгийн газрын олон байгууллагын үйл ажиллагаа зогссоны улмаас аравдугаар сарын 3-нд хөдөлмөрийн зах зээлийн талаарх тайлан нийтлэгдээгүй байна. Ийм нөхцөл байдал нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг төрүүлжээ. 


Он гарснаас хойш нэг унц алтны үнэ 50 шахам хувиар өсжээ. Нэгдүгээр сарын 1-нд алтны үнэ 2623 ам.доллар байсан байна. “Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирсний дараа эдийн засгийн болон геополитикийн тодорхойгүй байдал улам нэмэгдсэнээр алтны үнэ өсөж байна" гэж "Bloomberg"-ийн шинжээчид бичсэн байна.


Мөн АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ есөн сарын хугацаанд анх удаа 25 суурь нэгжээр бууруулж, 4.25-4.5 хувиас 4-4.25 хувьд хүргэх шийдвэр гаргасан нь үнэ өсөх бас нэг хүчин зүйл болжээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг