sonin.mn

ТОКИО, 2025 оны аравдугаар сарын 7 /TASS/. Японы эрх баригч Либерал Ардчилсан намын /ЛАН/ даргаар сонгогдсон Такаичи Санаэ намынхаа удирдлагын бүрэлдэхүүнийг шинэчилжээ. Тус намын гүйцэтгэх зөвлөлийн хурлаар томилгоог танилцуулсан байна. 


Т.Санаэ ЛАН-ын дэд даргаар тус нам доторх нөлөө бүхий фракцийн удирдагч, Ерөнхий сайд асан Асо Тарог томилжээ.


Чухам түүний дэмжлэг Т.Санаэг сонгуульд ялахад нөлөөлсөн гэж үздэг. Намын "хоёрдугаар хүн" болох ерөнхий нарийн бичгийн даргын албанд А.Тарогийн ойрын хамтран зүтгэгчдийн нэг болох Сангийн сайд асан Сүзүки Шюнъичиг томилсон байна. ЛАН-ын гүйцэтгэх зөвлөлийн даргын албан тушаалыг Аримүра Харүко, сонгуулийн хорооны даргын албан тушаалыг Фүрүя Кейжи тус тус хашна.


Т.Санаэ мөн Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан, намын даргын сонгуульд ялагдсан дөрвөн нэр дэвшигчийн нэг Кобаяши Такаюкиг намын удирдлагын бас нэг гол албан тушаал болох улс төрийн зөвлөлийн даргаар томилжээ.


Эдгээр таван албан тушаал нь намын удирдлагын ноён нуруу болдог. Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд асан Кажияма Хироши парламенттай харилцах хорооны даргаар, Сүзүки Такако олон нийттэй харилцах албаны даргаар томилогджээ. Өөр нэг чухал албан тушаал болох Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн албан тушаалыг талийгаач Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн фракцийн гишүүн асан Хагиуда Коичи хашихаар болжээ. 




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг