sonin.mn

ЛОНДОН, 2025 оны аравдугаар сарын 7 /BBC/. Их Британи дахь есдүгээр сарын борлуулалт нь өмнөх оныхоос 880 хувиар өссөнөөр тус улс хилийн чанад дахь хамгийн том зах зээл боллоо гэж Хятадын авто машин үйлдвэрлэгч “BYD” компани мэдэгджээ. Тус компани өнгөрсөн сард Их Британид 11 271 авто машин борлуулсны дийлэнх хувийг “Seal U” спорт загварын авто машины хос хөдөлгүүртэй загвар эзэлсэн байна.


Их Британийн Авто машин үйлдвэрлэгч, худалдаалагчдын нийгэмлэгээс /SMMT/ цахилгаан авто машины борлуулалт есдүгээр сард түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өссөн талаар мэдээлсний дараа дээрх мэдээ гарчээ.


Их Британи нь Европын Холбоо /ЕХ/, АНУ зэрэг бусад томоохон зах зээлээс ялгаатай нь Хятадын цахилгаан машинд татвар ногдуулаагүй тул “BYD” зэрэг компаниудын сонирхлыг ихэд татаж байгаа юм. Барууны олон өрсөлдөгчтэйгээ харьцуулахад хямд загваруудыг санал болгодог “BYD” есдүгээр сард Их Британийн зах зээлд эзлэх хувь нь 3.6 хувьд хүрч өссөн гэж мэдэгджээ.


“Манай компани ирэх саруудад илүү олон шинэ хос хөдөлгүүртэй болон цахилгаан машин танилцуулах болно” гэж “BYD”-гийн Их Британи дахь менежер Боно Ге мэдээлсэн байна. Их Британид саяхан 100 дахь худалдааны цэгээ нээсэн тус брэндийн ирээдүй маш сэтгэл хөдөлгөм харагдаж байна гэж тэрбээр нэмж дурдлаа.


SMMT-ийн мэдээлснээр, Их Британи дахь цахилгаан авто машины борлуулалт өнгөрсөн сард дээд амжилт тогтоож, дан цэнэг хураагуураар ажилладаг цахилгаан авто машины борлуулалт ойролцоогоор 73 мянгад хүрч өссөн байна. Түүнчлэн цэнэглэдэг, хос хөдөлгүүртэй загваруудын борлуулалт илүү хурдацтай өсжээ. Есдүгээр сард хамгийн их борлогдсон авто машинаар “Kia Sportage”, “Ford Puma”, “Nissan Qashqai” тодорсон байна.


Хятадын “Jaecoo 7” болон “BYD Seal U” загварууд мөн эхний 10-т багтжээ. SMMT-ийн мэдээлснээр, Их Британид цахилгаан авто машины нийт борлуулалт өссөн боловч бензин болон дизель хөдөлгүүртэй авто машинууд өнгөрсөн сарын шинэ авто машины борлуулалтын талаас илүү хувийг эзэлж байна.


Өнгөрсөн оны 10 дугаар сард ЕХ Хятадын цахилгаан авто машины импортод 45 хүртэлх хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн юм. Энэхүү арга хэмжээ нь Европын авто машин үйлдвэрлэгчдийг Хятадын төрийн шударга бус татаасаас хамгаалах зорилготой байна. Мөн “BYD” зэрэг Хятадын авто машин үйлдвэрлэгчдэд АНУ-аас өндөр татвар ногдуулснаар тус зах зээл ерөнхийдөө хаагджээ. Өндөр татвар ногдуулах шийдвэрийг Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены хэн хэн нь дэмжсэн юм.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг