sonin.mn

З.Мэндсайхан нарын УИХ-ын гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах санал гаргасан талаараа мэдээлэл хийлээ.


Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: "Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан танаа,


Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах тухай:


Монгол Улсын Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дугаар хэсэгт ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөөт байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн хуульчилсанг үндэслэн УИХ-ын гишүүд бид төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилгоор нэр холбогдоод байгаа нүүрсний хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлаар бүрэн эрхээсээ сайн дураараа түдгэлзэн шалгуулах, хуулийн байгууллагад хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөл бүрдүүлэх ёсзүйн шаардлагыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танд хүргүүлсэн.



Гэвч та дээрх шаардлагыг хүлээн аваагүйн зэрэгцээ ард түмний сонгож явуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах УИХ-ын үндсэн зорилго, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгааг эрс буруушааж байна.



Ард түмний элчийн хувьд улсын эрх ашгийг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлын уламжлалаа хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэх тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн төрийн сүлдэндээ тангараг өргөсөн УИХ-ын гишүүн бид



УИХ-ын дарга Д.Амарбаясгалан таныг Монгол Улсын ард түмний сонгож явуулсан төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах улстөрийн болон ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна.



Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 24.2-р хэсэгт заасны дагуу хугацаанаас өмнө огцруулж, чөлөөлж болно гэж заасныг үндэслэн Д.Амарбаясгалан таныг УИХ-ын даргын үүрэгт ажлаас огцруулах саналыг гаргаж байна. Монгол Улсын Их хурлын 12-р зүйлийн 12.3-р заалтанд УИХ-ын нийт гишүүдийн олонхи УИХ-ын даргыг огцруулах санал гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн гэж, мөн хуулийн 12.3 хэсэгт УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг ТББХ-ы санал дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн чөлөөлөх, огцруулах асуудлыг ил санал хураалтаар шийдвэрлэнэ, УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно гэж хуульчилсны дагуу асуудлыг шийдвэрлэхийг хүсэе.


Мөн хууль тогтоох дээд байгууллагыг удирдаж буй таныг уг асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх үеэр нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8-р зүйлийн 8.1, 23.8-д заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг бэлтгэх, хэлэлцэх, оролцохын өмнө тус бүрийн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ мэдэгдэнэ гэж мэдэгдэл гаргана, мөн тус хуулийн 8.2-д албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус заасан хуулийн шаардлагыг биелүүлж ажиллахыг сануулж байна гэсэн албан бичиг дээр нийтдээ УИХ-ын 67 гишүүн гарын үсгээ зурсан.


МАН-аас 34, АН-аас 31, бусад нам эвслээс 2 гишүүн гарын үсэг зурсан байна. Ингээд энэ бичгийг өнөөдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад гардуулан өгөх гэж байна." гэлээ.


М.Чой