sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 10 /AP/. Газын зурваст гал зогсоох тохиролцоог даган биелүүлж байгаа эсэхийг хянах, мөн уг тохиролцоог хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын эрх баригчид 200 орчим цэргийн алба хаагчаа Израил руу илгээхээр төлөвлөж байгаа тухай "Associated Press" агентлаг эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.


Эх сурвалжуудын хэлснээр, Израилд “цэрэг-иргэний зохицуулалтын төв”-ийг байгуулах бөгөөд энэ төв нь хүмүүнлэгийн тусламжийн хүргэлтийг зохицуулахаас гадна логистик, аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байх аж.


Энэхүү ажиллагаанд АНУ-ын түнш улс орнуудын цэргийн алба хаагчид, мөн хувийн байгууллагуудын төлөөллүүд оролцоно. Мөн Египет, Катар, Турк болон АНЭУ-ын цэргүүд оролцож магадгүй гэж "Reuters" агентлаг мэдээлжээ. Аравдугаар сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израил ба ХАМАС бүлэглэл энхийн төлөвлөгөөнийх нь эхний үе шатыг хэрэгжүүлэх тохиролцоонд гарын үсэг зурсан тухай мэдэгдсэн билээ. Энэ үе шатанд барьцаалагдсан хүмүүсийг суллаж, Израилын цэргийг хэлэлцэн тогтсон шугам хүртэл татах ёстой.





Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг