sonin.mn

Нийслэлд түлшний хангамжийг нэмэгдүүлэх үүднээс энэ сарын 21-нд хотын дарга Х.Нямбаатар түлш борлуулалтын цэгүүдэд өдөрт 5000 тонн түлш борлуулдаг байсныг 10 мянган тонн хүргэж нэмэгдүүлсэн. Гэвч сүүлийн өдрүүдэд сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг дамлан борлуулах явдал газар авчээ.


Түлш авна, зарна группүүд болон олон нийтийн сүлжээнд түлшийг байгаа үнээс нь 2-4 дахин нугалж зарна гэсэн зарууд хөврөөстэй. Үүний зарим нь залилан гэдгийг ч албаныхан хэлж байна.


Тодруулбал, түлш зарна гэсэн мобикомын нэгэн дугаар луу залгаж асуухад “Өнгөрсөн хаврын сайжруулсан түлшийг нэг шуудайг нь 15 мянган төгрөгөөр 10 дээш шуудайгаар зарна” гэлээ. Гэтэл одоо нэг шуудай сайжруулсан түлш 3750 төгрөг, хагас коксон түлш 5000 төгрөгөөр борлуулалтын 400 цэгээр зарагдаж байгаа юм. Цаашлаад 10 шуудай түлшийг 90 орчим мянган төгрөгөөр зарах буюу нэг шуудайг 9000 төгрөгөөр гурав нугалж зарна гэсэн хүн ч байна. Иргэдийн анхдагч хэрэгцээ түлшийг нөөцөлж, үнэд хүргэж зарж, зохиомол хомсдол үүсгэж байгаа асуудлыг ул сууриар нь шийдэхгүй бол хэчнээн түлшний нөөцийг нэмээд, зарж борлуулаад ч нэмэргүй. Түлш дамлан борлуулах сүлжээг нь устгах хэрэгтэй болоод байна.