sonin.mn

Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн киночдодоо халуун баяр хүргэе. Энэ сайхан өдөр түүх ярихгүй өнгөрвөл алдас болно.


“Монгол хүү” кино бол хоёр улсын урлагийн байгууллагуудын гэрээний үндсэн дээр Монголын 7 жүжигчин гол дүрүүдэд тоглож, Т.Нацагдорж туслах найруулагчаар, Д.Дэмбэрэл туслах оператораар ажиллаж, Архангай, Төв аймгийн нутаг, Улаанбаатарт зургийг нь авсан кино юм.


1936 оны долдугаар сарын 6-нд Монголын талд хүлээлгэн өгч “Ард” кино театрт үзүүлсэн энэ киног мөн онд Америкийн кино академи гадаадын шилдэг 10 киноны нэгээр шалгаруулж байжээ. Монголын киночид ингэж гараагаа амжилттай эхэлсэн (хэдийгээр “Монгол хүү”-г зөвлөлт-монголын хамтарсан кино мөн биш гэж маргадаг ч) боловч ердөө дөрөвхөн жилийн дараа дэлхийн киноны түүхэнд гараагүй балмад явдал болж, хувьсгалын эсэргүү нарын дүрс орсон хэмээн 1936-1939 оны хооронд бүтээсэн 13 нэрийн баримтат киноны 91 мянган метр негатив, позитив хальсыг тусгай комисс гарган устгаснаар Монголын анхны баримтат кинонууд цаасан дээрх нэр л үлдсэн билээ.


1990 оноос улс орон зах зээлд шилжихэд гадаад, дотоодын киноны их хэмжээний хальсыг цалин цагаан мөнгө ялгаж авах зорилгоор шатааж, түүх соёлын үнэт дурсгал үгүй хийсэн вандализмын түүх бас бий.


Үзэл суртлын цэнзүүрт өртөн шархадсан хэлмэгдсэн, хайчлуулж тасдуулсан кино ч олон. Орчин үед болохоор уран бүтээлийн эрх чөлөө нэрийн дор гоо зүй, ёс зүйн хэм хэмжээг уландаа гишгэсэн, мөнгө шүтсэн “бүтээлүүд” үе үе төрдөг болсон нь кино хэмээх ертөнцөд нүүрлээд буй бас нэг төрлийн хэлмэгдүүлэлт юм. Хэдий ийм гашуун түүх бий ч Монголын киночид дэлхийн энд хүрэхийн төлөө хэр чадлаараа зүтгэж, энд тэндхийн кино наадамд нэрээ гаргаж, тоосоо өргөсөөр байгаа нь энэ өдөр онцлон дурдах ёстой гавьяа мөн.


Монгол кино нэгтгэлийн ерөнхий редактор хийж байхдаа киноны 70 жилийн ойг тэмдэглэх бүх ажилд гар бие оролцож, муугаа мэдэхгүй баярын арга хэмжээнийх нь хөтөлбөрийн зохиолыг бичиж, тэрхүү арга хэмжээг хөтөлсөн Дамбын Төрбат найрагчаас магтаалын үг сонсон урамшиж явсан гэхээр би ч бас энэ салбарын хүн мөн юм.


Гомбын Долгор гуай санхүүгийн өрөөнд чимээгүйхэн суун “Монголд гадаадын кино нэвтэрсэн, үндэсний кино урлаг үүсч хөгжсөн түүхийн тойм /XX зуун/” гэдэг нягт судалгаатай номоо бичиж, найруулагч Ц.Наваан “Монголын баримтат киноны түүхэн товчоон” 25 хэвлэлийн хуудас номоо өдөр өдрөөр бойжуулан өлгийдөхийг хажуугаас нь харж, С.Батчулуун абугайг “Монголкино үйлдвэр үүсэж хөгжсөн түүхэн баримт” хэмээх жинтэй бүтээлээ хэрхэн эмхэтгэснийг сайн мэднэ. “Найм хагас”(1990), “Шинэ зууны Улаанбаатар”(2004), “Нэгэн зууны цадиг” (2007) зэрэг хорь гаруй баримтат киноны зохиол бичсэн байна. Кино мэдээний тайлбар хэдийг бичсэнээ тоолж явсангүй.


Ямартай ч Г.Равдан, Г.Отгон нарын ланжгар нэвтрүүлэгчид “Хэн тайлбарыг нь бичсэн юм?” гэж асуугаад “Галаарид” гэхээр “Тэгвэл асуудалгүй” гэдэг тухай яриа чих дэлсэхэд таатай л байдаг.


Өгүүллэгийн мастер Ж.Дашзэгвийн хамт “Удам” уран сайхны киноны зохиол бичсэн минь 2002 онд Ж.Солонгын найруулгаар дэлгэцийн бүтээл болж байж. Монголкино нэгтгэлийн ерөнхий редактор байсан, КУДС-д багшилсан хэдэн жил намайг киноны олон сайхан уран бүтээлчидтэй танилцуулж, хэдэн жүжгийн зохиол бичихэд хүртэл шууд нөлөөлсөн болохоор Монголкинондоо би гүүнд хайртай морь шиг ихэд ээнэг явдаг даа.




Урианхан Б.ГАЛААРИД