sonin.mn

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалтын сонсголын эргэн тойронд өрнөж буй үйл явдлын хүрээнд тухайн үед 2007-2009 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологийн газрын даргаар ажиллаж байсан Д.Жавхланболдоос тодруулга авлаа.


-Нийгэмд Оюу толгойн сонсголыг тавилттай жүжиг болоод хэдэн улс төрчид өөрсдийгөө баатар болгож харагдуулах зүйл хийгээд өнгөрлөө гэсэн ярих хүмүүс байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?


-Оюутолгойн асуудлаар сонсгол хийдэг нь бол зөв зүйтэй. Оюутолгой бол Монголын ард түмний өмч. Тиймээс энэ талаарх бүх л мэдээллийг нээлттэй, ил тод өгөх зорилготой гэж бодож байна. Харамсалтай нь Оюутолгойтой холбоотой 92 мянган хуудас баримтын талаас илүү нь нууцад хамаардаг учраас ард түмэн мэдэх боломжгүй. Нөгөөтээгүүр сонсголд гэрчээр дуудсан хүнээс юу тодруулж асуух гэж байгаа талаарх мэдээлэл огт байхгүй. Тиймээс гэрчүүд ямар ч бэлтгэлгүй очиж асуултуудад нь бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй байсан.


Өөрөөр хэлбэл, зохион байгуулалт муутай, ёстой л хэдэн гишүүд өөрсдөө “баатар” эсвэл “мөрдөн байцаагч” шиг, гэрчүүдийг дуудаж авчираад өмнөө суулгаад загнасаар байгаад таарлаа.


Нөгөө хэлмэгдүүлэлтийн үеийн кинон дээр гардаг шиг л тулгаад, заавал буруутан болгох гэж байгаа юм шиг л санагдсан. Гэрчийн ярих, асуултад хариулах хугацааг хоёр минутад багтаа гэж байгаа нь ард түмэнд мэдээллийг бүрэн дүүрэн өгөх боломжийг багасгаж байгаа юм.


-“Онтрэ”-гийн тусгай зөвшөөрлийн талбайд байгаа нөөцийг Оюутолгойтой хамтад хүлээж авснаар ямар сөрөг нөлөөлөл үүсэж байна вэ? УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын хэлж байгаачлан хууль зөрчсөн асуудал мөн үү?


-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2006 онд батлагдаж “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх ордыг” стратегийн ордод хамруулахаар заасан байсан.


(2014 онд 10 хувийг нь 5 хувь болгож бууруулсан) Төр засгаас стратегийн ордод аль, алийг хамруулах вэ гэдэг асуудал ид яригдаж УИХ-аас 15 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан.


Мөн эдгээр ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэрхэн эзэмших талаар санал боловсруулах үүргийг тухайн үеийн Засгийн газарт өгсөн. Мөн 1997 оны “Ашигт малтмалын тухай хууль”-аар томоохон орд газруудыг тусгай зөвшөөрлөөр олон хувааж олгосон байсан. Тухайлбал, Таван толгойн ордыг 5-6 тусгай зөвшөөрөл, Багануурын орд 4 тусгай зөвшөөрөл, Бороогийн орд 4-5 тусгай зөвшөөрөл гэх мэтчилэн бараг бүх стратегийн ордууд тусгай зөвшөөрлөөр хуваагдаад байсан.


Тусгай зөвшөөрөл тус бүрээр жижиг орд болгоод байхын бол дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьд хүрэх орд Монгол Улсад байхгүй болно. Энэ нь өөрөө том асуудал үүсгэж байгаа юм. Иймд тухайн орд гэдэг суурь ойлголтоо авч үзэж нэгдсэн байдлаар бодлого барихгүй бол болохгүй нөхцөл байдалд ороод байсан.


Мөн улс орны эдийн засгийн байдал хүнд байсан учраас стратегийн ордтой холбоотой асуудлаар алгуурлаж, шийдэхгүй удаах эрх бидэнд байгаагүй, бүгдийг л яаралтай хурдан хий гэж шахаж байсан. Өөрөөр хэлбэл, Улсын Их хурлын 27 дугаар тогтоолд Оюутолгойн ордыг бүлэг орд гэдэг байдлаар стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсан байдаг. Нөгөөтээгүүр тусгай зөвшөөрөл бүрээр хувааж нөөц бүртгэж орд болгоод байвал стратегийн ач холбогдол бүхий ордын шалгуурыг хангах ордгүй болох нөхцөл үүсэх байсан юм.


-Нийлүүлж авч болохгүй гэсэн хуулийн хязгаарлалт хориг байдаг уу? Гол нь хууль эрхзүйн хувьд зөрчил байна уу?


-Хуулийн эрх зүйн хувьд үүнийг зохицуулалт хийж хориглосон хязгаарласан зүйл байхгүй. Харин ч “Газрын хэвлийн тухай хууль”, “Ашигт малтмалын нөөц баялгийн ангилал, түүнд тавигдах шаардлага” гэсэн Засгийн газрын журам дээр Ашигт малтмалын ордын хайгуулын ажлыг иж бүрэн хийж нөөц баялгийг бүрэн гүйцэд бүртгэх талаар хуульчилж өгсөн байдаг.


Ганц Оюутолгойн ордын нөөцийг нэгтгээд авчихсан юм биш. Өмнө нь ч, дараа нь ч ийм тохиолдол их байдаг. “Бороо”-гийн ордын олон хуваагдсан тусгай зөвшөөрлүүдийн нөөцийг нэг л тайлангаар авч байсан.


Хүмүүсийн сайн мэдэх “Салхит”-ын мөнгөний орд ч гэсэн хоёр тусгай зөвшөөрөл дамнасан байдаг бөгөөд тайланг бас л хамт авч байсан. Ашигт малтмалын нэг ордын хувьд нэг тайлангаар нөөц авснаар уг ордыг ашиглахад эдийн засгийн хувьд хэр өгөөжтэй вэ гэдгийг мэдэх боломжтой болно. Дээр хэлсэнчлэн олон жижиг хуваах тусмаа тухайн орд нь эдийн засгийн хувьд үр ашиггүй. Сонсгол дээр шинжээчийн танилцуулгад ашигт малтмалын тухай 11 дүгээр зүйлийн 11.1.6, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь заалтыг зөрчсөн гээд байгаа нь үнэндээ хайгуулын ажлын үр дүнгийн тайлантай хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын нөөц баялгийн бүртгэлтэй огт хамаарахгүй заалтууд байгаа юм. Тухайлбал, 11 дүгээр зүйл нь Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг ба хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөвлөгөө, тайлан, зардлын доод хэмжээний талаарх мэдээлэлд хяналт тавих эрхтэй болохыг заасан заалт юм.


Мөн 33 дугаар зүйл нь хайгуулын ажлын зардлын доод хэмжээтэй холбоотой заалтууд бөгөөд Ашигт малтмалын ордын нөөцийн бүртгэл, үр дүнгийн тайлантай огт хамаагүй асуудал байгаа. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тухайн жилийн хайгуулын ажлын тайлан болон санхүүгийн тайлангаар баталгаажуулдаг.


Харин хайгуулын ажлын үр дүнгийн тайлан бол нэг ба түүнээс олон жилийн хайгуулын ажлын үр дүнгээр бичигддэг бөгөөд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг бичсэн нь хайгуулын ажлын жилийн тайлан, мэдээг бичихгүй чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Хоёр өөр төрлийн тайланг шинжээч хольж хутган дүгнэлт гаргасан байсан. Энэ нь шинжээч өөрөө ашигт малтмалын эрхзүйн талаар дутуу дулимаг ойлголттой, мэдлэггүй болохыг харуулж байгаа юм. Мөн нэмж хэлэхэд хэдийгээр хайгуулын ажлын үр дүнгийн тайланг нэгтгэн нэг ордын тайлан гэж хэлэлцэн хүлээж авч байгаа боловч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн (ЭБМЗ) хурлын тэмдэглэлд нөөцийг нэгдсэн байдлаар болон тусгай зөвшөөрөл тус бүрд харьяалах нөөцөөр салгаж бүртгэл хийсэн байгаа. Тиймээс нэг орд мөн, нийт нөөц нь энэ гэж бүртгээд, Канад улсад бүртгэлтэй, Монгол дахь тусгай зөвшөөрөл эзэмшигч компани түүний хөрөнгө оруулалттай ”Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл төдий хэмжээний нөөцтэй, мөн “Айванхое майнз” компанийн тусгай зөвшөөрөл дээр ийм хэмжээтэй нөөц нь байна гэж тус, тусад нь бүртгэл үйлдсэн байгаа. УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын яриад, будилуулаад байгаа шиг зүйл энд огт байхгүй гэдгийг онцолж хэлмээр байна.


-Албан бичигт хариу өгсөн процессын хувьд алдаа байгаа юу?


-”Онтрэ” ХХК, “Амми” ХХК-аас ирсэн албан бичгүүд нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын нэр дээр ирсэн юм билээ. Харин Ж.Билигсайхан дарга надад цохолт хийсэн байгаа юм. Би уг асуудлыг судалж хариу өгөхийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн нарийн бичиг Дэлгэрсайханд цохолт хийсэн талаар шинжээчийн танилцуулаад байгаа бичиг дээр тодорхой байсан.


Сонсголын үеэр ЭБМЗ-тэй зөвлөлдсөн үү? гэж асуугаад байсан. Шинжээчийн өөрийнх нь хавсаргасан баримт дээр нь тэр байж байсан шүү дээ. ЭБМЗ-ийн нарийн бичигт цохолт хийсэн нь тодорхой харагдаад байгаа юм.


Хоёрдугаарт, Ж.Билигсайхан нь тухайн үед Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн даргын ажлыг хариуцаж байсан. Миний хувьд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэх салбар хуралдааныг ахалж байсан. Ж.Билигсайхан дарга намайг хариуг нь өг гэж зөвшөөрөл өгсөн учраас миний нэртэй албан бланк дээр бичигдэж тэмдэг дарагдсан байна. Бусдаар даргын өмнөөс би зөвшөөрөл авалгүй албан бичиг бичих ямар ч боломжгүй, эрх ч байхгүй. Төрийн захиргааны газар, хуулийн хэлтэс нь ч хүлээж авахгүй шүү дээ. Тэмдэг дардас ч дарагдахгүй байсан.