sonin.mn

СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд Росен Желязков өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлаар парламентад санал хураалт явуулахаас хэдхэн минутын өмнө албан тушаалаасаа огцорч буйгаа телевизээр мэдэгджээ. 


Болгарт олон мянган хүн оролцсон жагсаал хэдэн долоо хоног үргэлжилсэн байна. Эсэргүүцлийн жагсаал өрнөх болсон шалтгаан нь Засгийн газар авлигын хэрэгт холбогдсон, мөн 2026 оны төсвийн төсөл юм.


Нийслэл София болон бусад олон хотод томоохон жагсаал болсны дараа маргаантай төсвийн саналыг бүрмөсөн эргүүлэн татаж авснаа Болгарын Засгийн газар урьд нь мэдэгджээ. 


Засгийн газар Болгар улсыг еврогийн бүсэд нэгдэхээс /2026 оны нэгдүгээр сарын 1-нээс/ өмнөхөн огцорч байна. 


Ташрамд дурдахад, болгарчуудын тэн хагас орчим нь улс орных нь бүрэн эрхт байдалд нөлөөлөх вий гэж болгоомжлон еврогийн бүсэд нэгдэхийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм. Мөн евро руу шилжих үйл явцын үеэр жижиглэнгийн худалдаачид үнээ нэмэх вий гэж болгоомжилж байна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг