ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг гайхшруулахын сацуу санааг нь чилээж, орчин цагийг өөрчилж, боломжтой зүйлсийн хил хязгаарыг давсныхаа төлөө хиймэл оюун ухааныг бүтээгчид 2025 оны “Оны онцлох хүн”-ээр шалгарсан” гэж Америкийн TIME сэтгүүлд пүрэв гарагт бичжээ.
“Анагаах ухааны судалгаа, бүтээмжийг хэрхэн хурдасгаж, боломжгүй зүйлсийг боломжтой болгож болохыг бид харлаа” гэж сэтгүүлд үргэлжлүүлэн бичсэн байна.
Америкийн хэвлэл мэдээллийн хүрээнийхний дунд ихээхэн хүлээлт үүсгэдэг “Оны онцлох хүн”-ийг тодруулахдаа тухайн хүн эсвэл хүмүүс сайн сайхны төлөө хүчин зүтгэсэн эсэхийг үргэлж харгалзан үздэггүй. Тухайлбал, 1927 оноос танилцуулж эхэлсэн уг жагсаалтад Иосиф Сталин, Адольф Гитлер зэрэг дарангуйлагчид багтаж байв. Үнэн хэрэгтээ тус сэтгүүл хиймэл оюун ухааны олон сөрөг талыг, түүний дотор хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөлөл, хүний хөдөлмөр, урлагийг орлоход ашиглах зэрэг хүчин зүйлсийг мөн онцлон тэмдэглэсэн байна.
Сэтгүүлийн нүүр зургуудын нэгд барилгын ажилчид баригдаж буй тэнгэр баганадсан барилга дээр үдийн хоол идэж байгааг харуулсан алдарт зургаас сэдэвлэсэн зургийг байршуулжээ. Уг зураг дээр “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, “AMD” компанийн гүйцэтгэх захирал Лиза Су, “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск, “Nvidia” компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан, “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман, “Google”-ийн “DeepMind” охин компанийн захирал Демис Хассабис, “Anthropic” компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодей, “World Labs” компанийн хиймэл оюун ухааны анхдагч Фэй-Фэй Ли нарыг дүрсэлсэн байна. Ийнхүү жагсаалтыг эмхэтгэн гаргагчид хиймэл оюун ухаан болон түүний зохион бүтээгчдийг жагсаалтынхаа эхэнд оруулсан бол Пап лам XIV Лео, Нью-Йорк хотын даргаар сонгогдсон Зохран Мамдани нар шалгарах өндөр магадлалтай хүмүүст тооцогдож байлаа.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 12 сарын 12,
2025

Сэтгэгдэл0