ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 2026 оны батлан хамгаалахын төсвийн төслийг баталжээ. Ирэх оны төсөвт цэргийн салбарын зардлыг 901.1 тэрбум ам.доллар байхаар тусгасан байна.
“Үндэсний батлан хамгаалахын тухай хууль”-ийг (National Defense Authorization Act, NDAA) Төлөөлөгчдийн танхимын 312 гишүүн дэмжиж, 112 гишүүн эсэргүүцсэн бөгөөд ирэх долоо хоногт Сенатын танхим батлах төлөвтэй байна.
Уг баримт бичигт Украинд цэргийн тусламж үзүүлэхэд 2026, 2027 онд 400 сая ам.доллар хуваарилахаар тусгасан байна. Балтийн тэнгисийн орнууд батлан хамгаалах зорилгоор 175 сая ам.долларын санхүүжилт авна. Мөн Европ дахь Америкийн цэргийн бие бүрэлдэхүүнийг цөөрүүлэхэд тавих шинэ хязгаарлалтуудыг оруулжээ.
Тайваньтай хамтран ажиллахад зориулсан санхүүжилт ба Хятадад хийх хөрөнгө оруулалтын хязгаарлалт
Хятад улс Тайвань руу халдан довтолж болзошгүй гэж болгоомжлолоос үүдэн Тайваньтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд 1 тэрбум ам.доллар зарцуулахаар тусгажээ. Хятад дахь тодорхой технологид оруулах хөрөнгө оруулалтыг хязгаарлах шинэ заалт оруулсан байна.
Энэ заалтыг АНУ-ын хөрөнгийг Хятадын технологийн хөгжилд, тухайлбал хиймэл оюун ба цэргийн технологи руу урсахаас сэргийлэх оролдлого гэж “The New York Times” сонинд бичжээ.
Пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор Израилд олгодог санхүүжилтийг нэмэгдүүлжээ. Баримт бичигт мөн 1991 ба 2002 онд Иракт цэргийн хүч ашиглахыг зөвшөөрсөн хоёр тогтоолыг хүчингүй болгож, Сирид авсан АНУ-ын хориг арга хэмжээг бүрмөсөн цуцалсан байна. Конгресс АНУ-ын цэргүүдийг бусад улс оронд байлдааны ажиллагаанд оролцуулах талаар шийдвэр гаргахад илүү их хяналт тавихыг эрмэлзэж байна гэж Reuters агентлаг мэдээлжээ.
АНУ-ын батлан хамгаалах төсвийн нийгмийн маргаантай асуудлууд
Батлан хамгаалах төсөвт Ерөнхийлөгч Дональд Трампын шүүмжлэлд өртөж байсан олон янз байдал, тэгш байдал, оролцоо (DEI) хөтөлбөрүүдийн санхүүжилтийг танах талаар тусгажээ. Тухайлбал, уг баримт бичигт трансжендер эмэгтэйчүүдийг цэргийн академид эмэгтэйчүүдийн спортоор хичээллэхийг хориглосон байна. Гэхдээ төсөвт хүйсээ сольсонтой холбоотой эмчилгээний зардлыг хэвээр үлдээсэн байна.
Трампын хүссэнээс хэтэрсэн батлан хамгаалах зардал
Төлөөлөгчдийн танхимаар батлагдсан төсөвт бүх цэргийн салбарын албан хаагчдын цалинг 3.8 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. 2026 оны батлан хамгаалах төсвийн нийт хэмжээ 901 тэрбум ам.доллар бөгөөд энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын хүссэнээс давсан хэмжээ юм. Тавдугаар сард Трамп Конгрессоос 2026 оны санхүүгийн жилд (2025 оны 10 дугаар сараас 2026 оны 9 дүгээр сар хүртэл) 892.6 тэрбум ам.долларын батлан хамгаалах төсвийг өргөн барьсан нь 2025 оны зардалтай ойролцоо байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 12 сарын 12,
2025

Сэтгэгдэл0