АНУ Пуэрто Рикод орших олон жилийн турш эзэнгүй байсан Рузвельт Роудс нэртэй тэнгисийн цэргийн хуучин баазыг сэргээн засварлаж эхэлжээ. Энэ нь Венесуэльтэй холбоотой цэргийн ажиллагаанд бэлтгэж буй дохио байж болзошгүй гэж Reuters агентлаг хиймэл дагуулын зургаар иш татан мэдээлсэн байна.
Барилгын ажил есдүгээр сарын 17-нд эхэлсэн бөгөөд одоогоор нисэх зурвас руу хүрэх замуудыг цэвэрлэж, дахин асфальтлах ажил ид өрнөж байгаа аж.
АНУ үүнээс гадна Пуэрто Рико болон АНУ-ын Виржиний арлуудын Сент-Круа арал дээр иргэний нисэхийн дэд бүтцийг өргөтгөж байгаа талаар эх сурвалжууд онцолжээ. Эдгээр газар нутаг нь Венесуэлээс ойролцоогоор 800 километрийн зайд байрладаг юм.
Вашингтоны зүгээс Каракасыг мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэхэд хангалтгүй ажиллаж байна хэмээн буруутгасан бөгөөд энэ шалтгааны дор АНУ Карибын тэнгист цэргийн хүчээ нэмэгдүүлээд байгаа.
Өмнө нь Miami Herald-ын мэдээлснээр, Трампын засаг захиргаа Венесуэлийн цэргийн байгууламжууд руу чиглэсэн цохилтын ажиллагаа бэлтгэж байгаа гэх мэдээлэл гарч байсан. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Бид Венесуэл рүү цохилт өгөх шийдвэр гаргаагүй” хэмээн үүнийг үгүйсгэсэн байна.
Н.Отгончимэг
Эх сурвалж: tass.com
Даваа - 11 сарын 03,
2025

Сэтгэгдэл0