sonin.mn

Энэ яг Орост тулгараад буй эмгэнэл болчихоод байна. “Ах нар” заавал ялж байх ёстой гэсэн фанатууд манайхны дунд мэр сэр байдаг ч яг үнэндээ Орос Украианд шившгийн ялагдал хүлээж байна. Өөдлөхөөсөө өнгөрлөө. Би бол Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Бас дайны түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхийн тухай их уншдаг. Муугүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Үргэлжлүүлье.


Заналхийллыг оригоор нь Оросын ТВ, сайтуудаас бишгүй нэг харж байна. Цөмийн зэвсэг ба цөмийн пуужингаа хэдэн ч удаа байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах тушаал Путин буулгаж байгаа нь тоогоо алдсан. Төрийн Дум дээр спикер Вячеслав Володин ингэж ярьж байгааг өнгөрсөн 7 хоногт давтан нэвтрүүллээ.


Түүний ярьсан нь: –Энэ барууныхан Путины өмнө өвдөг сөгдөж, тэр “Буревестник”, “Посейдон”-оо бүү хэрэглээч гэж гуйх ёстой. Оросын батлан хамгаалах хүч чадлыг үнэлэхгүй бол хохь чинь. Бидэнд хор хүргэж байгаа улс орнууд манай Дээд ерөнхий командлагчид өвдөг сөгдөн хандахыг шаардаж байна. Орос ийм төрлийн зэвсэглэлээ хэрэглээгүй байгаа шүү гэж заналтайгаар ярьж байв. 

 

Володины ээлжит цирк гэх үү дээ, гэтэл түүний ярьсныг даваадуулаад суртал нэвтрүүлэгч Владимир Соловьёв ТВ-шоугаараа “Британийн арал тийм өчүүхэн, ганц “Сармат” пуужин л арлыг үүрд мөнхөд усанд живүүлэхэд хангалттай.


Ердөө ганц харвалт, Англи хойшид үүрд байхгүй! Пуужингийн техникийн ид шид, энэ бол дэлхийд хамгийн хүчирхэг пуужин шүү” хэмээн хараах занахыг хослуулан ярьж байв. Өөр ямар ч улсад байдаггүй, гадаадын ямар ч улс бүтээж чадахгүй шидэт зэвсэг Орост л бий гэдгийг Оросын технологийн хоцрогдол хэлээд өгнө. Энэ бол бүх салбарт манлайлагч лидер байх гэсэн Путины хүсэл, фантааз, дэмийрэл шахуу юм. Хэд хоногийн өмнө Путин өөрөө цэргийн хээрийн хувцас өмсчихсөн, эмнэлэгт бололтой шархтануудтай хуралдаад “Буревестник” гэдэг цөмийн цэнэгт хошуутай дэлхийд байхгүй пуужинтай болсон хэмээн сайрхсан ба тэр дор нь Д.Трамп хариуг нь өгсөн. “Дахиж ийм зүйл ярихгүй байхыг зөвлөе. Манай дэлхийн хамгийн шилдэг цөмийн шумбагч онгоц Танай улсын эргийн ойролцоо хөвж яваа шүү!” гэв. Трампаас айсан уу, яасан инээдтэй нь оросууд барууныхныг цөмийн пуужингаар айлгаагүй болж гэнэт таарлаа. Кремлиэс тэр дор нь заналхийллээ үгүйсгэлээ. “Буревестник” болон “Посейдон”-ы туршилтууд цөмийн туршилт биш бөгөөд бид Ерөнхийлөгч Трампад мэдээллийг үнэн зөвөөр хүргэсэн гэж найдаж байна. Үүнийг ямар ч байдлаар цөмийн туршилт гэж тайлбарлаж болохгүй хэмээн Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв. Юу болчихов ? Айлгаад хачин байснаа?

 

Оросын цэргийн бардакийг ажаад байхад энэхүү “Буревестник”, “Посейдон” нь дотооддоо зориулсан суртал нэвтрүүлгийн хөөрхөн мультфильм ч юм шиг. Техник талаасаа хоёр төсөл тун эргэлзээтэй, иймэрхүү туршилтууд нэг бус удаа баларч, туршилтын талбай хавьд радиацын аваар дэгдэж байсныг бид мэднэ.


Зүгээр телевизээр тэгж харуулж, айлгаж, тэгснээрээ хүчний харьцааг өөрчлүүлэх заналхийлэл төдий байж болно. Хэрэв Орос нь  технологийн жинхэнэ хүч нөөцтэй байсансан бол даян дэлхий айж чичрэх ёстой хэмээн ярихгүй л байх байсан болов уу. Харин фронтод тохиосон элдэв эмгэнэлт явдлуудыг зургаар харуулсныг танилцуулъя. Саявтархан оросын Ка-52 нисдэг тэргийг “Friendly fire” буюу өөрсдөө андуурч сөнөөсөн явдал тохиолоо. 2022 онд бүрэн хэмжээний дайн эхэлснээс хойшхи 17 дахь тохиолдол гэж The Insider сэтгүүлд мэдээлсэн байна. Энэ хүснэгт дээр оросуудын өөрөө өөрийнхөө онгоцыг андуурч устгасан тухай жагсаалт гарчээ.


Гадаадын ямар ч улс бүтээж чадахгүй шидэт зэвсэг Орост л бий гэдгийг АНУ алхам тутамдаа бараг өдөр бүр няцааж байна. “Вoeing” компани F-47 хэмээх 7 дугаар үеийн сөнөөгч онгоцоо танилцуулав.


2027 он гэхэд ийм төрлийн онгоц 1076-тай болсон байна гэж төлөвлөжээ. Харин ОХУ нь зөвхөн 4 дүгээр үеийн Су-75 онгоцоо ердөө 2-хоныг үйлдвэрлэсэн, тэр нь туршилтын нислэгт ашиглагдана, төлөвлөгөө нь 2032 он гэхэд дөнгөж 3-тай болсон байна. Харьцуулаад үз дээ.

 

Оросын суртал нэвтрүүлэгч Карен Шахназаров (уг нь кино найруулагч, ардын жүжигчин) ТВ-ийн “Вечер с Владимиром Соловьёвым” сувгаар хачин зүйл ярьж байгаа харагдав. Импортозамещение буюу импортыг орлуулах техник, технологи ганц ч алга, энэ 4 жилд оросынх, орост үйлдвэрлэв гэсэн ганц ч зүйл хийж бүтээсэнгүй гээд “импортозамещение” гэдэг бол зүгээр л үлгэр гэж харааж зүхэв. ОХУ нь 2020 онд Хятадаас 54 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн импортолсон бол 2024 онд энэ тоо 115.5 тэрбум болж өссөн. Хятадаас аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, холбоо, тээвэр, электроникийн гээд авахгүй салбар алга.


Украины дайнаас өмнө бол гол төлөв Баруунаас худалдан авдаг байсан бол одоо Хятадаас бүгдийг авч Хятадын сүүдэрт орлоо хэмээн Шахназаров эх орноо, Путинээ баалаад байх шиг.

 

Энд би юу хөрвүүлж буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй. Дайныг ялалтаар дуусгах тухай, Барууны орнуудыг пуужиндаж сөнөөх тухай Оросын улс төрчид, суртал нэвтрүүлэгчдийн яриа мэдэгдэл бол зүгээр л агаарт цацсан цууриа. Хоосон сүрдүүлэг. Путин тэгээд хэлчихээр биелчихдэг гэж үздэг монгол хүн байгаа бол тархи мэдрэлээ цоо шинээр цэнэглэх хэрэгтэй болж дээ. 



Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)