sonin.mn

Ерөнхий сайд асан С.Баяр “Тавантолгойн цагаан толгой” 448 нүүр бүхий баримт, мэдээллийн бүрэн эмхэтгэл хэвлүүлжээ. Тавантолгойн бүлэг ордын нөөцийн 94, талбайн 96 хувийг буцаан авсан үйл явцын талаарх бүрэн баримт, мэдээллээс товхимол бүрдэж байна. УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн хэвлүүлж тараасан эмхэтгэлд байхгүй албан ёсны шийдвэрүүд, төрийн аудитын шалгалтын материалууд, хийгдсэн төлбөр зэрэг баримтуудыг оруулсан. “Энержи ресурс” компани Тавантолгойн бүлэг ордын 6 лицензийн 5-ыг, нөөцийн 94 хувийг төрд өгсөн бодитой үнэнтэй “түүвэр зохиол”-оор биш бүрэн бүтэн эмхэтгэлээс танин мэдэх боломжтой талаар Ерөнхий сайд асан онцолсон байна.  


С.Баярын Засгийн газар Ашигт малтмалын тухай хуульд заасан 50 хувийн хязгаарыг давуулан биелүүлж, Тавантолгойн ордын нөөцийн 94 хувийг 2008 онд төрд буцаан авсан хэлэлцээрийг хийсэн юм. Хуульд заасан 50 хувийн хязгаарыг 96 хувьд хүргэн давуулан биелүүлэхэд хувийн хэвшилтэй хэлэлцэн тохиролцох арга зам байсныг онцолсон байна. 


Дэлхийн уул уурхайн гигант компани BHP Billiton эзэмшиж байгаад Ашигт малтмалын газарт буцаан өгсөн Тавантолгойн лицензийг “Майн инфо” компани тухайн үеийн хуулийн дагуу хүсэлтээ гарган авч, улмаар “Энержи ресурс”-д шилжүүлсэн. “Энержи ресурс” Оросын тэрбумтан Олег Дерипаска, Хятадын компаниудын саналуудаас татгалзан хадгалсаар байгаад нөөцийн 94 хувийг нь төрд буцаан өгсөн юм.


Хэрвээ үндэсний компаниуд Тавантолгойн лицензийг Монголдоо үлдээж, хуульчлагдсан 50 хувийн хязгаараас давуулан 96 хувийг буцааж өгөөгүй бол төрийн өмчит “ЭрдэнэсТавантолгой” компани төсөв бүрдүүлж, иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмших, ноогдол ашиг хүртэх, Үндэсний баялгийн сангаа өсгөх зорилго бүгд замхран алга болох байсныг баримт өгүүлж байна.