АНУ-ын Дайны Сайд Пит Хегсет хар тамхины картелуудын эсрэг чиглэсэн “Өмнөд Жад” нэртэй цэргийн ажиллагааг эхлүүлж буйгаа мэдэгдэв. Тэрбээр энэ талаар X цахим платформд зарлаж, ажиллагааг АНУ-ын Зэвсэгт хүчний Өмнөд командлал толгойлон удирдана гэж хэллээ. Тус командлалын үйл ажиллагааны бүсэд Төв болон Өмнөд Америк, Карибын орнууд багтдаг бөгөөд энэ ажиллагаанд зориулан тусгай хамтарсан хүчин байгуулсан байна.
Хегсет мэдэгдэлдээ уг ажиллагааны зорилгыг “мансууруулах бодисны наймаатай тэмцэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрч буй аюулыг бууруулах” гэж тодорхойлов.
Тэрбээр Баруун хагаст “АНУ-ын хөрш зэргэлдээ бүс нутаг оршдог” бөгөөд Вашингтон түүний аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй гэж онцоллоо. CBS-ийн мэдээлснээр, Хегсет болон АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга Дэн Кэйн нар ойрын хугацаанд Венесуэлтэй холбоотой авч болох боломжит цэргийн арга хэмжээг Ерөнхийлөгч Дональд Трампт танилцуулжээ.
Пентагон энэ талаар тодруулах хүсэлтийг ТАСС агентлагт өгөхөөс татгалзсан бол Цагаан ордны төлөөлөгч Каролайн Левитт АНУ Карибын бүс нутагт мансууруулах бодисны хууль бус урсгалыг дарахад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн.
Пентагон мягмар гарагт мэдээлэхдээ, “Жеральд Р. Форд” нисэх онгоц тээгчээр удирдуулсан АНУ-ын тэнгисийн хүчний цохилтын бүлэг Өмнөд командлалын бүсэд байрласан бөгөөд энэ байрлалт нь мансууруулах бодисны хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох үүрэгтэй гэжээ. "Вашингтон Пост" өмнө нь АНУ Венесуэлийн эргийн орчимд найман дайны хөлөг, нэг цөмийн шумбагч завь болон тусгай зориулалтын хөлөг багтаасан бүлгийг төвлөрүүлж байгаа талаар мэдээлсэн.
CNN-ийн тооцоолсноор, АНУ-ын зэвсэгт хүчний ажиллагааны хүрээнд сүүлийн саруудад Латин Америкийн эрэг орчимд 20 орчим завь устгаж, ойролцоогоор 80 хүний амь үрэгдсэн байна. Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро АНУ-ын нэг цохилтын үеэр мансууруулах бодисны наймаачин бус, энгийн загасчин амиа алдсан талаар мэдэгдсэн.
Вашингтон Венесуэлийг мансууруулах бодисны наймаатай үр дүнтэй тэмцэхгүй байна гэж шүүмжилдэг. New York Times-ын мэдээлснээр, Ерөнхийлөгч Трамп Тагнуулын төв газар (CIA)-т Венесуэлд нууц ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байна. АНУ-ын хэвлэлүүд Вашингтон Венесуэлийн нутаг дэвсгэрт байрлах картелуудын байгууламжуудыг цэргийн аргаар онилох боломжтой талаар удаа дараа мэдээлж ирсэн ч Трамп 10-р сарын 31-нд мэдэгдэхдээ Венесуэлийн нутагт цохилт өгөх асуудлыг авч үзэхгүй байгаа гэж мэдэгдэж байжээ.
М.Чой
Эх сурвалж: tass.com
Баасан - 11 сарын 14,
2025

Сэтгэгдэл1
тагнуулчинд булдэгжуулчихсэн наймаачин мексиканский,Колумбийг тойроод хар тамхи хайгаад байна уу, эсвэл хар тосонд шунаад байна уу ?