Уламжлалт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сард Солонгос улсад зохион байгуулагдаж, 32 орны 600 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос уламжлалт харвааны улсын мэргэн Б.Ганзориг цэц мэргэнээ сорьж дэлхийн аварга болсон юм. Тэрээр 30, 70 метрт түрүүлж, хос алтан медаль хүртэхийн сацуу нийлбэр дүнгээрээ Гранпри хүртэж, ОУХМ цолны болзол хангалаа. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Б.Ганзориг болон түүний багш ОУХМ Д.Эрдэнэзуу нарыг урилаа. Багш Д.Эрдэнэзуу нь 2001 оноос үндэсний сурын харваагаар хичээллэсэн аймгийн мэргэн билээ. Тэрээр нум, сум урлахын зэрэгцээ Баянгол дүүргийн “Их богдын оргилууд” клубийн ахлагч, багш, дасгалжуулагчаар ажиллаж байна.
-Үндэсний сурын харваагаар хичээллэж, цэц мэргэнээ сорих болсон түүхээс нь яриагаа эхэлье?
-Д.Эрдэнэзуу: Би 2002 онд Төв аймгийн наадамд түрүүлж байлаа. Тухайн үед сур харвааг төдийлөн их хүн сонирхдоггүй байж. Харин одоо энэ байдал өөрчлөгдсөн. Ийнхүү 2003 онд спортын мастер, 2013 онд уламжлалт харвааны дэлхийн аваргаас багийн төрлөөр анхны алтан медалийг хүртэж, ОУХМ хүртсэн. Энэ алтан медалийг Турк улсад 90 метрийн зайд харваж хүртсэн бол мөнгөн медалийг Солонгост авч байлаа. Үүнээс өөр багийн амжилт манай улсад гараагүй байна.
2015 онд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймагт хоёр жил, дараа нь Эрээн хотод уригдаж үндэсний сурын харвааг хөгжүүлэх, шавь бэлтгэх ажилд хувь нэмрээ оруулаад ирсэн. Харин Монголд гарын 50 гаруй шавь байна.
Үүнээс ОУХМ-ын болзол хангасан хоёр дахь шавь маань Б.Ганзориг боллоо. Багш хүний баяр бахдал нь шавь нарын амжилт бүтээл байдаг. Тиймдээ ч тэднээрээ их бахархдаг. Зарим шавь маань бие дааж нутаг орондоо үндэсний сурын харвааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.
-Б.Ганзориг: Би монгол эр хүн. Тиймээс үндэсний спорт, эрийн гурван наадмынхаа нэг төрлөөр сонирхон хичээллэе гэж бодтол барилдаад гурав давахгүй, морь уяад хол явахгүй санагдлаа. Ингээд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Уламбаяр, Пунсалдулам хоёр найзынхаа зөвлөснөөр сур харвааг сонирхох болсон. Ингээд ирэх жил нь буюу 2021 онд Улаанбаатар хотод ирж, багшдаа шавь орж, чөлөөт цагаараа хичээллэж, сум урлаж байна. Төдийгөөс өдий хүртэлх бүх зүйлийг багш минь зааж, зөвлөдөг.
-Харвахын сацуу өөрсдөө нум, сум урладаг. Ур хийцийн онцлог, аргаасаа хуваалцвал?
-Д.Эрдэнэзуу: Эвэр нумыг тухайн харвааныхаа төрөлд зориулж урладаг. Тухайлбал, урианхай харваа нь 120-130 грамм сумаар 350-400 грамм байг онож, зурхай дээгүүр өнхрүүлээд өтвөг давуулдаг тул хатуу нум байх шаардлагатай. Түүнчлэн миний хувьд Хүннү загварын нумыг хийж байна.
Түүхэн олдвор, сурвалжийн зураг, баримтад тулгуурлаж судалгааны үндэс дээр урласан гэж болно. Энэ нумын таталт зөөлөн, сум нь хол тусдаг онцлогтой. Уян чанарыг бодолцож хийдэг.
Наймдугаар сараас эвэр модоо бэлтгээд, хүйтэн орохоор шөрмөсөө нааж эхэлнэ. Байгалийн гаралтай түүхий эдээр хийдэг тул гадна цаг агаарт мэдрэг байдаг. Иймд багадаа долоон сар, түүнээс дээш хугацааг зарцуулдаг. Хувирал багатай, хатаалт, боловсруулалт сайтай нум хийе гэвэл жилийн дөрвөн улирлын эргэлт шаардана.

-Б.Ганзориг: Сум хийхэд модны сонголтоос эхэлнэ. Түүний дараагаас хатаалт, ширхэг тааруулах, онь наах, өдний уусгалт зэрэгт анхаарна. Сумыг хус модоор урладаг. Би сүүлийн үед Индонезид ургадаг таримал хусаар хийгээд байна. Учир нь хус нь наранд зөөлөрч, сэрүүнд чангардаг чанартай мод. Харин Индонезийн хус аль ч температурт нэг хэвийн байдаг онцлогтой. Түүнчлэн онийг хулсаар, өдний бат бөх байдлыг бодож тасын өдөөр хийж байна.
-Д.Ганзоригийн дэлхийн аварга хүртсэн тэмцээнээр яриагаа үргэлжлүүлье. Багш, шавь хоёрын сэтгэл зүй ямар байв?
-Д.Эрдэнэзуу: Аль ч улсын харваачтай нэг зурхайд гарсан ялалт байгуулж, Монгол Улсынхаа далбааг мандуулахыг хүсдэг. Сүүлийн үед тамирчны замналдаа гаргах зав зай хомс болсон. Харин шавь нар маань сайхан амжилт гаргаж байна.
Сая дэлхийн аваргаар Б.Ганзориг маань 30, 70 метрт түрүүлж, 90 метрт шигшээ наймд шалгарч нийлбэр дүнгээрээ Гранпри авахад бахархаж, омогшиж суулаа. Өөрөө харваж байхад сандралыг төдийлөн мэддэггүй байж.
Харин шавь маань финалд шалгарч, зөвлөөд амьсгаа дараатай, тэвдүү байлаа. Тогтмол хамт бэлтгэл хийж, тамирчныхаа онцлогийг мэддэг тул сэтгэл зүйг нь тогтворжуулж, зөвлөгөө өгч байсан.
-Б.Ганзориг: Би сэтгэл зүйгээ их бэлдсэн. Гэвч зурхайд гараад яарч харвах гээд байсан тул багшийнхаа үгийг бодоод сумаа тавьсан. 30 метрийн зайн финалд энэ төрлийн олон удаагийн аварга Казакстаны тамирчинтай тоглоход эхний хоёр сумаа шүргүүлээд, гурав дахиа оноод дөрөв, таваа яаж харваснаа санадаггүй. Ингэхээр их сандарч, догдолсон бололтой. Гэтэл багш маань “Миний хүү хэний шавь билээ. Хэний хүү билээ. Хаанаас ирсэн билээ. Одоо тайван таван сумаа оруулчих” гэсэн. Ингээд зурхайд эргэж гараад эхний сумаа сайн тогтоож байгаад гаргатал байндаа орж, гэрэл гийх шиг болж, таван суманд тав онож илүүрхсэн. Өрсөлдөгчдөө ч багагүй сэтгэл зүйн дайралт өгөх шиг болсон. Монгол Улсын тамирчнаар зарлуулж, эх орныхоо нэрийн өмнөөс харвана гэдэг цээжинд багтахгүй бахархал байлаа. Энэ нь намайг омогшуулахын сацуу сэтгэлийн асар их тэнхээ хайрлаж байсан.
-Багшийн эрдэм шавьд гэдэг. Б.Ганзоригийн харвааны онцлог юу вэ. Мөн Д.Эрдэнэзуу багш шавь нартаа юу гэж захидаг вэ?
-Д.Эрдэнэзуу: Анх аав нь гурван хүүтэйгээ Б.Ганзоригт нум захиалах гэж ирээд нум татаж үзсэн. “Нэлээн хатуу нумыг бүгд сайхан татаж байна. Та нар бүгд харваач болох юм биш үү” гэж байлаа. Нум татахад эв, хүч тэнцүүхэн ордог юм. Ингээд Бат-Эрдэнэ дөрвөн хүүтэйгээ тавуулаа надад шавь орж, бүх төрлийн харвааны техникийг эзэмшсэн спортын мастерууд болсон байна. Харин Б.Ганзориг маань уламжлалт харвааны улсын мэргэн цол олгох харваанд энэ намар түрүүлсэн. Үндэсний сурын харвааны шигшээ, мэргэн болох тааварт байнга ордог. Одоогоор 40 сумаас 39 онож байсан дээд амжилттай байна. Баруун бүсийн улсын аваргад түрүүлсэн гэхчлэн олон сайхан амжилтыг үзүүлж яваа дайчин зоригтой, ирээдүйтэй тамирчин гэж боддог.
-Б.Ганзориг: Би эхээс тавуулаа. Аав маань мөсөн сурын спортын мастер, халх сурын нэгдүгээр зэрэгтэй, сумын мэргэн харваач. Завхан аймгийн Шилүүстэй суманд үндэсний сурын харвааг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж, хоёр аймгийн идэр мэргэн шавь төрүүлээд байна. Ингэхээр багшийн шавийн шавь нар тал бүрд тархжээ. Гэр бүлээрээ нэг хоббитой байна гэдэг сайхан. Атгасан гар шиг нэг зорилготой байж, бие биеэ дэмжээд явдаг. Ах, хоёр дүү маань өөрсдийн амжилтыг гаргаж байна. Мөн эгч, эхнэр маань биднийг дагаад сур харваа сонирхож эхэлсэн. Багш миний онгироо занг сайн дардаг учир оноо маань дээшээ байдаг гэж боддог. Зурхайгаа хүндэл, хүнтэй ам зөрж болохгүй зэрэг сургаалыг шавь нартаа байнга хэлдэг.
-Сүүлийн жилүүдэд үндэсний сурын харвааг сонирхох хүмүүс ихээр нэмэгдсэн. Энэ спортын цаашдын хөгжил, дэвшилд өөрсдийн бодлыг хуваалцвал?
-Д.Эрдэнэзуу: Би энэ хугацаанд үндэсний сурын харвааны тэргүүлэгчээр дөрвөн жил ажиллахын сацуу түгээн дэлгэрүүлэх, шүүх ажлыг хийсээр ирсэн. Анх намайг сурын харваанд орж байхад Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор хамгийн олон буюу 80 гаруй харваач оролцлоо гэж байлаа. Харин одоо үндэсний тодотголтой зүйлээ монголчууд сонирхож, улсын баяр наадмаар харвах хүсэлтэй харваач мянга мянгаараа болж, босго оноо тогтоох болсон байна. Гэвч дөрөв тав хоног үргэлжилж, сунжраад ирэхээр үзэгчид уйдаж, харваачдын ажил цалгарддаг талтай. Иймд том тэмцээнүүдийг хоёр өдөрт зохион байгуулж болох ямар систем, бодлого баримталбал боломжтой вэ гэдэгт ахмад харваачдын хувьд бодолхийлж явдаг.
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат Б.Хүрэлбаатар сурын холбооны нарийн бичгийн дарга хийж байх хугацаандаа харваачдын сахилга бат, зохион байгуулалтыг сайжруулж, сонирхогчдын тоог ихээр нэмсэн. Тэр үед би тэргүүлэгчээр хамт ажиллаж байлаа. Ийнхүү бид “Алтайн мянган харваач”-ийг зохион байгуулж, тэр жил Алтай нутгаас Б.Дашзэвэг, дараа жил нь С.Сүрэнжав улсын мэргэн болсон. Түүнчлэн олон зуун мастерууд төрсөн байна.
-Б.Ганзориг: Сумны тоогоо хэвээр нь хасаа, ханаа цөөлөөд үзвэл арай хурдтай болох юм болов уу. Ингэвэл үндэсний хэв маягаа алдахгүй, үзэгч харваачдыг уйдаахгүй байх.

-Ярилцлагынхаа сүүлийн асуултыг та хоёртоо нээлттэй үлдээмээр байна. Манай уншигчдад хэлэхийг хүссэн үг байна уу?
-Д.Эрдэнэзуу: Үндэсний сурын харваа нь өөрөө монгол хүний бахархал юм. Эрийн гурван наадмын нэг, үндэсний өв соёлыг тээгч харваач гэх нэрд хамаг бахархал оршдог. Энэ нь аль нэг сурын мастер болохдоо биш юм. Өнө эртний түүх өв соёлын илэрхийлэл болсон нум сумыг нийлүүлж яваа нь өөрөө том хувь заяа юм.
Үндэсний уламжлалт спортоор дэлхийн аварга болно гэдэг том амжилт. Учир нь топ спортын тамирчдыг пүүс компаниуд бэлтгэлээ хийх боломж бололцоогоор дэмжиж байдаг. Харин үндэсний спортын тамирчдыг биднээр жишээ авахад идэх хоол, өмсөх хувцасныхаа мөнгөнөөс хэмнэж байж хэрэгсэл, тэмцээний зардлаа авдаг.
Ингэж бор зүрхээрээ очоод дэлхийн аварга болно гэдэг бахархалтай. Тиймээс үндэсний спортыг битгий үнэгүйдүүлээрэй гэж залуу харваачдадаа хэлмээр байна. Үндэсний өв соёлоо тээж, сурын харваагаар хичээллэх хүсэлтэй хүмүүст манай “Их богдын оргилууд” клуб нээлттэй шүү. Багш дасгалжуулагч, эдлэл хэрэглэл, бэлтгэл хийх талбай хүртээмжтэй бэлэн байна. Мөн дэлхийн аварга хүртсэн шавьдаа баяр хүргэж, амжилт хүсье. Нум нь хүчтэй, сум нь мэргэн, хараа нь хурц, уухай нь цээл байг.
-Б.Ганзориг: Би сурын харваагаар хичээллээд зорилго нэгт сайхан найзуудтай болсондоо баярладаг. Багшийн маань гэргий Бумбаа эгч бидний ард байнга хүч болж дэмжиж явдаг. Мөн “Эрхт гурван түрүү”-гийн Д.Бат-Эрдэнэ ах, гэргий Түвшинжаргал эгч нартаа баярлаж талархаж явдгаа хэлмээр байна. Хамгийн сүүлд нь багшдаа “Шавь нь таныхаа итгэлийг алдахгүй, хичээнэ ээ. Хайртай шүү” гэж хэлье.
П.Лхагважаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Мягмар - 11 сарын 18,
2025

Сэтгэгдэл0