ЙЕРУСАЛИМ, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /AP/. Ням гарагт Ливаны нийслэл Бейрут хотын өмнөд хэсэгт агаарын цохилт өгснөөр “Хезболла” бүлэглэлийн өндөр албан тушаалтныг хөнөөсөн гэж Израилын тал мэдэгджээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт Израилын тал болон Ираны дэмжлэгтэй “Хезболла” бүлэглэлийн хооронд хурцадмал байдал даамжирч буй үед өгсөн уг цохилт нь зургаадугаар сараас хойш Израилаас Бейрут руу хийсэн анхны цохилт боллоо.
Ливаны Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, агаарын цохилтын улмаас таван хүн амиа алдаж, 28 хүн шархаджээ. Ираны дэмжлэгтэй бүлэглэлийн хоёрдугаар командлагч гэгддэг Хэйтам Али Табатабайг “устгасан” гэж Израилын Батлан хамгаалах хүчин /БХХ/ X хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. “Хэсэг хугацааны өмнө Бейрутын төвд, террорист байгууллагын хүчийг бэхжүүлэх, зэвсэглэх ажлыг удирдаж байсан штабын даргыг устгахын тулд цохилт өгсөн” гэж Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн ажлын алба мөн X хуудсандаа мэдэгджээ.
АНУ 2016 оноос хойш Х.Табатабайд хориг арга хэмжээ авч, түүнийг баривчлахын тулд шагнал амлаж байлаа. Өнгөрсөн оны есдүгээр сард “Хезболла”-гийн удирдагч Хасан Насралла мөн дээрх хороололд байхдаа Израилын агаарын цохилтод өртөж амиа алдсан юм.
“Хезболла”-гийн зүгээс албан тушаалтнуудынх нь нэг нь цохилтод өртсөн гэдгийг батлаад, “шинэ улаан шугамыг давсан явдал боллоо” гэж мэдэгдсэнийг AFP агентлаг уламжилжээ. Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун цохилтыг зэмлэн буруушаагаад, Израилыг гал зогсоох хэлэлцээрийг үл тоомсорлож байна гэж буруутгажээ. Тэрбээр “Ливан болон тус улсын ард түмэн рүү чиглэсэн халдлагыг зогсоох асуудалд нухацтай хандахыг” олон улсын нийгэмлэгт уриаллаа. Ж.Аун мөн бүс нутгийн хурцадмал байдлыг дахин даамжруулах аливаа үйлдлийг зогсоохыг уриалсан гэж Ливаны Мэдээллийн яам мэдэгджээ. Израилын тал сүүлийн хэдэн долоо хоногт Ливаны өмнөд нутагт халдлагаа эрчимжүүлж буй үед дээрх цохилтыг өгсөн байна.
Израил, АНУ хоёр “Хезболла”-гийн зэвсгийг хураахын тулд Ливанд шахалт үзүүлсээр байгаа бол Ливаны Засгийн газар оны эцэс гэхэд тус бүлэглэлийн зэвсгийг улс орон даяар хураах төлөвлөгөөг баталжээ.
“Хезболла” Ливаны өмнөд нутагт цэргийн чадавхаа сэргээж байна гэж Израилын тал мэдэгдсэн боловч Ливан үүнийг үгүйсгэж байна. Ням гарагт өгсөн агаарын цохилт нь Израил болон “Хезболла”-гийн хооронд 2024 оны 11 дүгээр сарын 27-нд гал зогсоохоор тохиролцсоноос хойш нэг жил өнгөрөхийн өмнөхөн болжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 11 сарын 24,
2025

Сэтгэгдэл0