sonin.mn

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Булган аймгийн Засаг даргын хууль бус томилгоотой холбоотой асуудлаар тодруулга өглөө.


Булганы Засаг дарга хууль бусаар томилогдсон гэдэг шалтгаан нь юу юм бэ?


Төрийн өмчийн компанид ажиллаж байгаад томилогдсон тухай асуудал. Үүнийгээ төрийн одоо албанд ажилласан гэдэг. Ийм бичиг ТАЗ-өөс аваад томилогдсон асуудал байгаа. ИНЕГ-ын харьяа улсын үйлдвэрийн газрууд бий. Өөрөөр хэлбэл Нисэх буудлуудын удирдах газар, Иргэний нисэхийн үндэсний төв гээд одоо аж ахуйн тооцоотой.


Энэ албан тушаалтнууд нь бүгд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Тийм учраас хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүн төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны албан тушаалтан ерөөсөө биш.


Жишээ нь ЗГ-ын харьяа ЗГХЭГ-ийн харьяа Эрдэнэс Монгол компани байгаа. "Эрдэнэс Монгол"-ын доор зөндөө олон компаниуд байгаа. Хэрвээ тэнд ажиллаж байгаа хүмүүс яг энэ Булган аймгийн Засаг даргынхаар бол бүгдээрээ төрийн албан хаагч болж хувирна. Тэгэх юм бол манай Монгол Улс 350-аад мянган төрийн албан хаагчтай болно гэсэн үг. Тэгэхээр асуудлыг ингэж буруу шийдсэн ийм ТАЗ-ийн даргын асуудлыг бол бид нар авч хэлэлцсэн байгаа. Тэгэхдээ ТАЗ-ийн дарга бол нэг амаараа бол энэ ИНЕГ ЗГ-ын харьяа хэрэгжүүлэгч тохируулагч агентлаг гээд байгаа юм. Гэвч түүний харьяа одоо аж ахуйн тооцоот газарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол шал өөр. Тэгэхээр төрийн албаны тухай хуулийг зөрчиж ТАЗ-ийн дарга албан бичиг бичсэн гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байгаа. 


Үүнтэй холбоотой гарах асуудал нь юу юм бэ? 


Энэ хугацаанд ТАЗ-ийн буруу бичгээр бичгээс болж томилогдсон тэр Булган аймгийн Засаг даргын гаргасан бүх одоо тушаал шийдвэрүүд бүгдээрээ хүчингүй болно гэсэн үг шүү дээ.


Өнгөрсөн долоо хоногт Булган аймгийн ИТХ хуралдаад Булган аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, бодлого нь хэрэгждэггүй хангалтгүй гэдэг дүн гаргасан байсан?


Булган аймгийн ИТХ-д АН-ын гишүүд цөөхөн л байгаа, арван долуулхнаа байгаа.Тэр хангалтгүй ажилласан гэдэг дүгнэлт бол олонхийн шийдвэрээр гарч байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийнх нь намын хүмүүс хүртэл одоо энэ хүнийг хангалтгүй ажиллаж байна аа л гэж үзэж байгаа хэрэг. Тийм учраас ТАЗ-ийн буруу томилгоотой холбоотой асуудлаар би Ерөнхий сайдад томилгооны асуудлыг эргэж харах албан шаардлага бүхий бичгийг явуулсан байгаа. Үүний хариуг нэг сарын дотор ирэх ёстой арай хугацаа нь болоогүй байна. Ирэхээр нь тодорхой мэдээлэл хийнэ. 


М.Чой