БАНГКОК, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /NHK/. Тайландад өнгөрсөн долоо хоногт парламентыг тараасны дараа бүх нийтийн сонгуулийг ирэх оны хоёрдугаар сарын 8-нд явуулахаар товложээ. Камбожийн хил дээр мөргөлдөөн үргэлжилж байгаа болон бусад асуудлууд тулгамдаж буй үед ийнхүү шийдвэрлэсэн байна.
Тайландын сонгуулийн хороо даваа гарагт санал хураалтын огноог товложээ. Нэр дэвшигчид 12 дугаар сарын 27-31-ний хооронд бүртгүүлэх ёстой. Ерөнхий сайд Анутин Чарнвиракул Үндсэн хуулийн шинэчлэлийн бодлогын талаарх санал зөрөлдөөнөөс үүдэн сөрөг хүчний хууль тогтоогчидтой маргалдсаны дараа парламентыг тараажээ.
Хоёрдугаар сард болох санал хураалтын гол тоглогчид нь А.Чарнвиракулын “Тай үндэстний бахархал” нам болон Наттафонг Руенгпаньявутын удирдсан шинэчлэгч үзэлт Ардын нам байх төлөвтэй байна. Ардын нам бол хамгийн том сөрөг хүчний бүлэг юм. Түүнчлэн өмнөх засгийн газрыг удирдаж байсан “Тайландын төлөө” нам мөн сонгуульд оролцоно.
Сонгуулийн тов нь хөрш Камбожтой өнгөрсөн долоо хоногоос дахин сөргөлдөж эхлээд буй Тайландын хувьд тогтворгүй байдлыг бий болгож байна.
Хоёр тал хүч хэрэглэсэн явдлыг дахин өдөөсөнд харилцан бие биенээ буруутгаж байна. АСЕАН-ы гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар ирэх долоо хоногт мөргөлдөөнийг шийдвэрлэх асуудлаар тусгай уулзалт хийхээр төлөвлөж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 12 сарын 17,
2025

Сэтгэгдэл0