sonin.mn

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг эргэн сэргээх шийдвэр гаргажээ. Энэ талаар Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр “УИХ-аас Засгийн газарт мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг сэргээх даалгавар өгсөн. Энэ дагуу Засгийн газраас хяналтын байгууллагыг сэргээн байгуулах шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдэв.


“Зууны мэдээ” сонин өнгөрсөн хугацаанд “Нийтийн эрх ашгийн төлөөх” нийтлэлүүдээрээ мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан шийдвэр нь буруу, салбар бүрд хяналт шалгалтын үйл ажиллагаа дутагдаж, хоол хүнс, барилга байшин, түлш, эрчим хүч гээд ямар ч хяналтгүйгээр, хариуцлагагүйгээр шууд иргэдэд очиж байв.


Тиймээс энэ төрлийн байгууллагын үйл ажиллагааг сэргээх нь зүйтэй гэдэг агуулгуудыг хөндөж нийтлэлүүдээ хүргэж байлаа. Хорин жилийн түүхтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2023 онд татан буулгасан. Засгийн газраас Хяналт хэрэгжүүлэх газрыг байгуулсан ч хамрах хүрээ хумигдмал, иргэд олон нийтэд бус Засгийн газрын дотоод хяналтын үүрэгтэй байж ирсэн юм. Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаснаас хойш иргэн, аж ахуйн нэгжүүдээс олон гомдол ирсэн тул хяналт шалгалтын нэгдсэн тогтолцоог дахин бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байна гэж Засгийн газраас үзжээ.



Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин