sonin.mn

Улаанбаатарын өвөл өвчний улирал болж, хүүхдээ өвтгөхгүй байх юм сан гэх бодол ээжүүдийн толгойны өвчин болсон. Учир нь өвдсөн хүүхдээ асрахад ээж нарын сэтгэл санаа, ажлын бүтээмж, орлого нь буурч амьдралын хэв маягт нь нөлөөлдөг. Тиймээс энэ удаагийн “Асрахуйн эдийн засаг” буландаа ханиад томуутай холбоотой ээжүүдийн ажлын бүтээмж, орлого хэрхэн буурч буй талаар сурвалжиллаа.


Ажлаасаа гарч асрах ажлаа хийе гэв


Д.Амарсайхан гурав болон зургаан настай хүүхэдтэй. Сүүлийн хоёр сард хүүхдүүд нь ээлжлэн өвдөж, тэр бүрд ажлаасаа чөлөө авч, энэ байдлаасаа санаа зовохдоо ажлаасаа гарах талаар бодох болжээ.


Энэ тухайгаа “Аравдугаар сарын сүүлээр бага маань ханиад хүрч, хатгаа болж 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс гараад удаагүй байтал том маань ханиад хүрч, өндөр халуурч эхэлсэн. Ингээд хоёр хүүхдээ харах зайлшгүй шаардлага үүсэж ажлаасаа чөлөө авсан.


Ингээд 20 хоногийн дараа ажилдаа очсон. 15 хоногийн дараа дахиад л хүүхдүүд маань ханиад хүрч, дахин чөлөө авч, өнөөдрийг хүртэл ажилдаа очоогүй. Энэ байдлаасаа үнэхээр санаа зовж байна. Аргаа барахдаа ажлаасаа гарах өргөдлөө өгдөг юм уу гэж бодож байна” гэсэн юм. Бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд энэ мэт хүүхэд нь өвдөх бүрд ажлаасаа чөлөө авдаг.


Гэхдээ ажил олгогчийн зүгээс эхний удаа чөлөө өгнө, хоёр дахь удаагаа дургүй өгдөг, гуравдахиас нь дургүйцэж эхэлдэг байна. Энэ нь зарим ээжүүдийг ажлаасаа гарахад хүргэдэг аж. Өөрөөр хэлбэл, Монголд асрахуйн ажлаас үүдэлтэй хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоо буурдаг.


Манай улсын хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 51.5 хувь, эрэгтэйчүүдийн 66.4 хувь нь ажиллаж байна. Гэхдээ ажил хийж буй эмэгтэйчүүд ч гэсэн цалин хөлсгүй буюу хүүхэд болон ээж, аав, нөхрөө асрах ажлыг эрэгтэйчүүдтэй харьцуулахад гурав дахин их хийсээр байна.


Ханиаднаас хамгаалах нь хамгийн зөв сонголт


Өвлийн улиралд хүүхдүүд ханиад хүрэх нь их байдаг. Түүнийг дагаад гарах эмчилгээ, асаргааны зардал өндөр гардаг. Энэ талаар Д.Амарсайхан “Сүүлийн жилүүдэд эмийн үнэ маш их өссөн.


Хүүхэд ханиад хүрэхэд долоо хоног уух эм нь 100.000 орчим болж байна. Үүнд халуун буулгах эм, антибиотик, терафлю, АЦЦ зэрэг л багтдаг. Манайх сүүлийн хоёр сарын хугацаанд 600.000 төгрөг зөвхөн эм авахад зарцуулсан байна” гэсэн юм.


Мөн тэрээр сарын 2.1 сая төгрөгийн цалинтай ч өнгөрсөн хоёр сарын хугацаанд 700 орчим мянган төгрөгийн цалин авсан байна. Энэ талаараа “Ажилдаа явахгүй болохоор мэдээж цалин авахгүй. Үүнээс үүдэж эдийн засгийн байдал хүндэрч эхэлдэг. Нөхөр маань ажилдаа хэвийн явж байгаа ч тогтмол орлого буурахаар сар болгон тогтмол төлдөг зээл, лизинг зэргээ төлж чаддаггүй. Хоёр лизинг, хоёр зээл төлдгөөс нэг зээл, нэг лизингээ төлж чадаагүй байна” гэсэн юм. Асрахуйн ажлаас үүдэлтэй эдийн засгийн хямралд эмэгтэйчүүд хамгийн түрүүнд өртдөг. Тиймээс өвлийн улиралд ханиаднаас хүүхдээ хамгаалах нь хамгийн зөв шийдэл гэдгийг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч Н.Энхтайван хэлсэн юм.


Тэрээр “Энэ онд томуугийн А хүрээний H1N1 давамгайлж байна. Мөн амьсгалын замын синтициаль вирустай нийлээд нийт өвчлөлийн 70-80 хувийг эзэлж байна. Эдгээр хэв шинж уушгийг хүчтэй гэмтээдэг, бусад эрхтнийг амархан хүндрүүлдэг, хоруу чанартай. Харин RS вирус нь зургаа хүртэл сартай нялх хүүхдүүдэд их тохиолдож байна.


Энэ нь амьсгалын дутагдалд оруулж, хүчилтөрөгчийн хэрэгцээ үүсгэдэг. Ханиад томуу амьсгалыг хямраадаг өвчин. Энэ нь бүх эд эрхтэнд хүндрэл үүсгэдэг тул бид их болгоомжлох ёстой. Архаг, хууч өвчтэй, ядрамхай хүүхдүүд илүү их хатгаа болж, хүчилтөрөгчийн дутагдалд орж, аппаратад ордог. Хүний уртавтар тархинд амьсгал, зүрхний төв гэж бий. Энэ нь хавагнаж, амьсгал зүрхний төвийг хаадаг. Амьсгалаас гадна зүрх зогсдог. Эдгээр нь нэг байрлалд байдаг, амьдралын чухал төвүүд юм. Ийм ноцтой тул ханиад томууг энгийн гэж огт бодож болохгүй. Үүнийг та бүхэнд анхааруулах нь эмч хүний, эцэг хүний үүрэг юм. Ханиад хүндрэхээр олон эрхтний дутагдалд оруулдаг. Тиймээс амны хаалт зүүж, дархлааг нь дэмжих хоол хүнс идүүлж, дулаан хувцаслах нь эдийн засаг болоод эрүүл мэндэд чухал үр нөлөөтэй. Тиймээс хүүхдүүдээ ханиад томуунаас хамгаалаарай” гэсэн юм.


Хөлсгүй асрах ажил ДНБ-ий 17 хувьтай тэнцүү


Асрахуйн ажлын талаар судалгаа хийхэд хотод амьдарч буй иргэд илүү их асрах ажил хийж байна. Мөн хүүхдүүд маш их асрах ажил хийж байна. Цалин хөлсгүй ажил манай улсад маш их байна. Монголд цалин хөлсгүй асрах ажил нийтдээ ДНБ-ий 17 хувьтай тэнцүү хэмжээний өртгийг үйлдвэрлэж байна гэж хэмжсэн байна.


Асрахуйн ажлын байрыг олноор бий болгосноор эмэгтэйчүүд салбар салбарт ажиллаж, өрх гэр, нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой бөгөөд эцэст нь иргэдийн амьдралын чанар сайжрах боломжтой юм.


Манай улсын хувьд эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөрт өдөрт дөрвөн цаг 47 минутыг, эрэгтэйчүүд нэг цаг 57 минутыг зарцуулдаг гэж статистикийн судалгаагаар гарсан. Тиймээс эмэгтэйчүүдэд зориулсан цагийн уян хатан нөхцөлтэй ажлын байруудийг бий болгох шаардлагатай байна. Энэ талаар “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ”-ын үүсгэн байгуулагчдын нэг, Зөвлөх Б.Золзаяа “Хүүхэд өвдөх үед эмэгтэйчүүдийн асрахуйд зарцуулах цаг 5-10 дахин нэмэгддэг. Одоо байгаа асрахуйн ачааллын тэнцвэргүй байдал нь эмэгтэйчүүдийг өөрийнхөө чадвар, боломж, нөөц бололцоог бүрэн ашиглахад нь саад болдог.


Мөн эмэгтэйчүүдийн нуруун дээрх асрахуйн ачаалал хөнгөрснөөр эмэгтэйчүүдийн үндэсний эдийн засаг оруулах хувь нэмэр нэмэгддэг гэж үздэг. Тиймээс гэр бүлийнхэн нь хамтарч үүрэлцэхээс гадна, хувийн хэвшил, төр засаг бүгдээрээ асрахуйн эдийн засагт орж ирэх хэрэгтэй байна.


Тухайлбал, байгууллагууд гэрээсээ ажиллах боломжийг бий болгох. Эсвэл цалинтай чөлөө олгох гэх мэтээр зохицуулах боломж байна гэж хардаг” гэсэн юм. Өвдсөн хүүхэд, өтөлсөн аав, ээжийгээ асрах ажил эмэгтэйчүүдийн нуруун дээр байгаа нь үнэн. Тэгвэл өвлийн улиралд ээжүүд, эмэгтэйчүүдийн асрахуйн хөдөлмөр улам нэмэгдэж, эдийн засаг болон ажлын бүтээмж нь маш ихээр буурдаг. Түүний гол шалтгаан нь ханиад, томуу, бэртэл гэмтлээс үүдэж байгаа юм. Тиймээс нийтээрээ ханиад томуу, халтиргаа гулгаанаас сэргийлэх нь айл өрхийн эдийн засагт эерэг нөлөөтэй юм.




Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин